Хөгжлийн банкны шалгалтын дүнг нууцын зэрэглэлээс гаргахыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-26 17:33:54

УИХ дахь МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, мөн тус банкны шалгалтын дүнтэй холбоотой асуудлыг өнөөдрийн хурлаараа авч хэлэлцжээ.

Түүнчлэн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа Тавантолгойн төсөлтэй холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүдээс тодорхой мэдээлэл авсан байна. Үүнээс бүлгийн гишүүд Хөгжлийн банкны шалгалттай холбоотой асуудлаар түлхүү санал бодлоо солилцсон аж. Учир нь, Хөгжлийн банкны шалгалттай холбоотой 200 гаруй хуудас баримтыг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаан тарах үеэр Засгийн газраас УИХ дахь МАН-ын бүлэгт нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хөгжлийн банкны шалгалтын нууцын зэрэглэлтэй материалыг гишүүд чуулганы танхимаас шууд олон түмэнд цацаж байгаа нь хууль зөрчиж байна гэж бид үзлээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банктай холбогдсон шалгалтын материалыг нууцын зэрэглэлээс гаргахад тодорхой үйл ажиллагаатай байдаг. Өнөөдөр шалгалтын дүнг олон түмэнд нэгэнт цацаж байгаа учраас бид удаа дараа шаардлага тавьж байгаа. Иймд холбогдох байгууллагууд нь шалгалтын дүнг энэ долоо хоногтоо нууцын зэрэглэлээс гаргаж тавихыг бүлгийн гишүүд хүссэн.

Мөн эхний ээлжинд Хөгжлийн банкаар дамжиж хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт хуулийн хүрээнд явагдсан эсэхийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулж байгууллаа. Яг одоо мөрдөж байгаа Хөгжлийн банкны хуулийн дагуу төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн үү, АН-ынхны яриад байгаа шиг МАН-ын тодотголтой компаниуд санхүүжилтыг нь авсан уу, эсвэл улс төр хийгээд байна уу гэдгийг ард түмэнд ил гаргаж тавих тал дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Тиймээс бид өнөөдөр олон түмэнд энэ мэдээлэл үнэн байсан уу, худал байв уу гэдгийг нээлттэй болгох ёстой” гэв.

Б.Туул

Related news