Бий биелгээг Т.Хорлоогийн нэр дээр "Гиннесийн ном"-д бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-13 11:40:08

Ховд аймгийн биет бус өвийг өвлөн уламжлагч 82 настай Түмтийн Хорлоо гуайн нэр дээр Монголын уламжлалт бий биелгээг ”Гиннесийн ном”-д бүртгүүлсэн түүхтэй.

Захчин үндэсний  бий биелээч Т.Хорлоо Ховд аймгийн  Үенч сумын гүний хошууны хүн.Тэр 18-19 настайдаа Ховд аймгийн Алтай сумын улаан буланд бий захчин биелгээний дугуйлан анх байгуулсан цагаас өнөөг хүртэл ахмад бийлээч Б.Цагаан, А.Норолхоо/асан/, Т.Хорлоо  нарын хамт  захчин үндэсний язгуур урлаг  бий биелгээг хойч үедээ өвлүүлсэн гавьяатай нэгэн.

2014 онд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн биелээчид нэгэн зэрэг 5204-үүлээ Сүх баатарын талбайд биелгээ хийж Дэлхийд хамгийн олуулаа биелж, бүжиглэсэн улс болон Гиннесийн номонд бүртгүүлсэн билээ. Энэ гайхамшигт мөчийг үзэх гэж талбай дүүрэн хүн цугларсан байсан. 
Бүжигт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн урлаг соёлын ажилтнуудаас бүжгийн багш, сурагчид гээд найман настай балчираас эхлээд наян настай ахмадууд хүртэл оролцсон сайхан наадам болсон. Хамгийн балчир биелээч нь 3 настай байсан бол хамгийн ахмад буурай 82 настай Ховдын биелээч Т.Хорлоо гуай байсан юм.

Монголын үндэстэн ястнуудын зан заншил, амьдралын хэв маягийг харуулсан үндэснийхээ хувцсаар гоёж гоодсон Захчин, Баяд, Торгууд, Казак, Буриад, Өөлд, Хотон, Урианхай, Дөрвөд гээд үндэстэн ястнууд өөр өөрсдийн үндэсний бий биелгээг энэ үеэр бүжиж үзүүлсэн. Бүгд биелгээ бүжгийн нэрэн дор цугларсан ч дээрх үндэстэн ястны биелээчид Геннисийн номонд бүртгүүлэхийн өмнө өөр өөрсдийн онцлогийг харуулсан биелгээнүүдийг хийж хурсан олонд сонирхуулсан юм. Энэ нь нийслэлчүүдийн төдийгүүй гадны жуулчдын анхаарлыг ихээхэн татаж байсан. 

Энэ үеэр 5204 бий биелээч “Жороо морины явдал”, “Хамаг монголын уриа” бүжгийг хамтдаа бүжин хурсан олныг баясгасан бөгөөд энэ арга хэмжээг зохион байгуулагч ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас Геннисийн холбоо “Бий биелгээ”-г бүртгэсэн болохыг хурсан олонд дуулгаж, батламжийн гэрчилгээний дээжийг Ховд нутгийн ахмад биелээч 82 настай Т.Хорлоо гуайд гардуулсан түүхтэй. 

Баруун монголын бий биелээчид “Хүрэн торгот”,”Цацал”,”Эрээн хавирга”, “жудар” ,”Тооройн цагаан элс”,”Агсал” зэрэг бийг татлага, хөдөлгөөн хоёрыг тохируулан уян налархай биелсээр иржээ.

 

А.Бямбасүрэн

 

Related news