Төрийн албан хаагчдыг чадавхжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ “Хүний нөөцийн хөгжлийн үндэсний зөвлөл”-ийн дэргэдэх Олон улсын мэргэжлийн хөгжлийн институт Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээний хүрээнд уг институт төрийн албан хаагчдад зориулж сургалт зохион байгуулах, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, гадаад, дотоодын арга хэмжээ хамтран зохион байгуулах, судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл солилцоход хамтран ажиллана. “Олон улсын мэргэжлийн хөгжлийн институт” нь БНСУ-ын хүний нөөц, олон нийтийн нөлөөлөл /PR/-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Edelman” компанитай хамтран ажилладаг ажээ. “Edelman” компани 2016 онд Монгол Улсад салбараа нээсэн бөгөөд 1952 оноос дэлхийн 67 оронд салбар нэгжээ байгуулан хүний хөгжил, PR-ийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийжээ. Тус байгууллага 28 улсад “Итгэлцлийн хэмжүүр” сэдэвт судалгаа явуулахад дийлэнх нь хэвлэл мэдээлэлд итгэдэггүй гэж хариулсан байна.
Иймд төрийн мэдээллийг үнэн зөв, бодитой, шуурхай, хүртээмжтэй түгээхэд төрийн албан хаагчдын үүрэг их байгааг анзаарч тэднийг хөгжүүлж, ёс зүйтэй, зарчимч болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой гэж үзжээ. Үүний дагуу “Олон улсын мэргэжлийн хөгжлийн институт” Орхон аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулахад сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар болсон нь энэ юм.
Б.Оюун-Эрдэнэ