70 мянга гаруй уншигчийн багагүй хувь нь залуучууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-13 09:04:16

Дорнод /МОНЦАМЭ/. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит, Дорнод аймгийн Төв номын сангаар үйлчлүүлэгчдийн чамлахааргүй хувь нь залуучууд гэж тус номын сангийн захирал Ж.Цагаан ярив.

Ирээдүй хойч үеэ одооноос номтой нөхөрлүүлэх зорилго өвөрлөж, 7 хоног бүрийн даваа, баасан гаригт “Үлгэрийн цаг”-ийг тогтмол явуулж хэвшсэн, хүүхдүүд ч дуртайяа номын санг зорих болсон гэнэ. Эдний хамт олон өнгөрсөн онд л гэхэд 70 мянга гаруй уншигчид 116 мянган номоор үйлчилжээ. Түүнчлэн алслагдсан багийн иргэд, байгууллагуудад хүрч үйлчлэх үеэр залуучууд идэвхтэй оролцох болжээ.   

Тус номын сангийн сан хөмрөгт өдгөө 72 мянган ном бий. Шинжлэх ухааны бүхий л төрлийн сурах бичиг, хүүхдийн төрөл бүрийн номнууд, 1955 оноос хойшхи сонины дугаарууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан танхим, сонсдог номын танхим гээд жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.

Эндээс онцлох ёстой нэг ажил бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан танхим. Өнгөрсөн намар брайль ном, сонсдог ном, дэлхийн шилдэг сонгодог зохиол 50 боть, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Daisy, И брайль технологи, мөн монгол хэлний ярьдаг программыг нэвтрүүлж чадсан нь хөгжлийн бэрхшээлтэй  иргэдээс талархал хүлээх болжээ. 

Б.Туяа

Related news