Шигшээ багийн сургалт "Дэлхийн спортын өнөөгийн чиг хандлага" сэдвээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-06 16:34:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт зориулсан ээлжит сургалт "Дэлхийн спортын өнөөгийн чиг хандлага" сэдвийн дор болов.

Сургалтыг БТСГ-ын Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн спортын менежментийн холбооны хүндэт ерөнхийлөгч /Ph.D/ Н.Оюунбат удирдан явуулжээ.

Тэрбээр, дайн байлдаан, хүчирхийлэл болон байгалийн гамшигт өртсөн олон мянган хүмүүст итгэл найдвар өгч, хүн төрөлхтөний эв найрамдлыг  илэрхийлэн холбож байдаг гүүр бол спорт. Мөн эх орноороо бахархах үзлийг бадрааж, хөгжил дэвшлийг дуудаж улс төр, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг бүх салбар нөлөөлдөг хүчирхэг зэвсэг юм. Биеийн тамир, спортын салбарын хэтийн зорилт, хэрхэн тодорхойлох, дэлхийн спортын өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, ойлгож мэдэж байх нь чухал гэдгийг онцлон хэллээ.

Дэлхийн спортын өнөөгийн чиг хандлага нь спортыг бүхий л нийгмийн давхаргад хүртээмжтэй болгох, спортоор дамжуулан боловсрол олгох, хүрээлэн буй орчноо хамгаалах, байгаль орчноо хамгаалж ногоон дэлхийг бий болгох, спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, спортоор дамжуулан энхтайвныг бий болгох асуудал эн тэргүүний зорилт юм.

Мөн спортоор дамжуулан улс орноо хөгжүүлэх, нэн тэргүүнд хүнийг хөгжүүлэхэд оршдог байна. Сургалт хэд хэдэн сэдвийн хүрээнд “Дэлхийн спортын өнөөгийн чиг хандлага”-ыг сүүлийн үеийн судалгаа шинжилгээнд тулгуурлан, бодит жишээ, баримтыг үндэслэн тайлбарласан нь тамирчин, дасгалжуулагч нарт өргөн мэдлэг, мэдээлэл өгсөн юм.

БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас зохион байгуулж буй дараагийн сургалт энэ сарын 12-нд болох бөгөөд “Баг хамт олон болон хувь хүний сэтгэл зүй” сэдвийн дор болох юм.

Д.Өлзий

Related news