Цаг уурын өөрчлөлтийг судлахын тулд Эверестийн мөсөн голыг өрөмдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2017-04-12 14:40:59

ВАШИНГТОН./BBC/. Цаг уурын өөрчлөлтийг судлагч эрдэмтэд дэлхийн хамгийн өндөрт оршдог мөсөн голыг өрөмдөхөөр Гималайн нурууг зорих гэж байна.

Аберистуит их сургуулийн баг Эверестийн бэлд орших Хумбу мөсөн голыг машин угаалгын газраас авсан усан өрмөөр өрөмдөх гэнэ. Тэд цаг уурын өөрчлөлт Хумбуд хэрхэн нөлөөлснийг тогтоохын тулд 5000 м-ийн өндөрт ажиллана.

Төслийн удирдагч, профессор Брайн Хуббард тодорхой хэмжээний хүндрэл учрахыг үгүйсгэсэнгүй. Балба улсын зүүн хойд нутагт 7600 м-ийн өндрөөс 4900 м-ийн өндөрт хүртэл урсах энэхүү мөсөн гол нь 17 км урт бөгөөд Эверестийн баазад хүрэхээр яваа уулчид энэ мөсөн голоор дамжин өгсдөг байна.

Өрөмдлөг хийж дууссаны дараа эрдэмтэд мөсөн голын дотоод бүтцийг судалж, мөсөн голын доогуур ус хэрхэн урсдаг болохыг олж мэдэх юм.

"EverDrill" багийн 1500 орчим кг жинтэй багаж тоног төхөөрөмжийн зарим хэсгийг нисдэг тэргээр хэд хэдэн удаа мөсөн голд авчрах бол заримыг нь шерпа үндэстний газарчид болон сарлагаар зөөж хүргэхээр төлөвлөжээ.

Машин угаалгын газраас авсан багаж нь маш өндөр даралттай халуун усаар өрөмддөг бөгөөд асфальтан замыг ч нүхэлж чадах аж.

Өрмийн машиныг Хонда маркийн цахилгаан үүсгүүрээр ажиллуулах боловч хүчилтөрөгчийн дутагдлын улмаас цахилгаан үүсгүүрийн хүчин чадлын 50 хувийг ашиглах боломжтой гэнэ.

Х.Сарнай 

 

 

Related news