Өсвөрийн бөхчүүд “Ядегар Имамын цом”-д хүч үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-30 10:56:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Ядегар Имамын цом” олон улсын багийн тэмцээн энэ сарын 28  Ираны Чехбехар хотноо болж манай бөхчүүд анх удаа хүч, ур чадвараа сорилоо.

Гурав дахь удаагийн тус тэмцээнд Монгол, ОХУ, Гүрж, Итали, Киргизстан, Азербайжан, Унгар, Ирак, Тажикистан, Армен, Украин болон Ираны тав, нийт 16 баг дөрвөн хэсэгт өрсөлдөв. Долдугаар сарын 20-23-нд Тайландын нийслэл Бангкокт болох өсвөр үеийн Ази тивийн АШТ-д хүч үзэх Монголын хөвгүүд “С” хэсэгт эхний барилдаанаа Иран, дараа нь Гүржийн багтай хийж, тус бүр 2:8-аар ялагдсан.

Харин хэсгийн сүүлийн барилдаанаа Киргизстаны багтай хийж 6:4-өөр ялалт байгуулав. Хэсгийг тэргүүлсэн багууд медалийн төлөө, удаалсан нь таваас наймдугаар байрын төлөө өрсөлдөв. Манай хөвгүүд хэсгээсээ гарч чадаагүй ч анх удаа багаараа уг нэр хүндтэй тэмцээнд хүч үзсэн нь томоохон туршлага боллоо.




“Ядегар Имамын цом”-ыг ОХУ-ын баг гардав. Орос хөвгүүд шигшээ барилдаанд Ираны Чехбехар хотын багтай 5:5-аар тэнцсэн ч барилдааны чанараар аварга болжээ. Гуравдугаар байрт Азербайжаны баг орсон. Тэд хүрэл медалийн төлөөх барилдаанд Монголын хөвгүүдийн хэсгийг тэргүүлсэн эзэн орны хөвгүүдийг 8:2-оор давамгайлан хожсон байна.

Д.Өлзий
Related news