Эхний санал хураалтын үед гарсан дутагдлыг давтахгүй байхыг анхааруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-04 14:06:18
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтыг явуулах гэж байгаатай холбогдуулан аймгийн сонгуулийн хороо сумын сонгуулийн хороод, санал авах байруудад зөвлөмж хүргүүлсэн байна. СЕХ- оос холбогдох зөвлөмж ирсэн. Үүн дээр аймаг дотроо анхаарч ажиллах асуудлыг сануулсан гэж сонгуулийн хорооны дарга Ц. Эрдэнэсүрэн хэллээ.
Тухайлбал, санал авах байрууд санал хураалтын явц болон сонгогчийн ирцийн мэдээг ялгаж ойлгоогүй явдал гарсан. Түр хасав тэмдэглээ хийлгэсэн сонгогч санал авах байранд ирж саналаа өгсөн байхад түүнийг сонгогчийн ирцэнд оруулалгүй явж байсан. Мөн саналын хуудсыг санамсаргүйгээр давхарлан өгсөн 3 тохиолдол санал авах хоёр байрт гарсан. Сонгогч саналын хуудас давхарлан авсныгаа хоёуланг нь бөглөж, санал тоолох төхөөрөмжид хийх гэж байсныг мэдээллийн технологийн даамал анзаарч зөрчлийг арилгасан зэрэг тохиолдол эхний санал хураалтын үед гарсан. Үүнд анхаарч, дахин давтахгүй байхыг  анхааруулжээ.
Нөгөөтэйгүүр санал хураалт дууссаны дараа санал авах 4 хэсгээс дүн мэдээ удаж ирсэн. Сумын төвөөсөө хамгийн хол буюу 75 км- т Сайхан- Овоо сумын Төгрөг багийн санал авах байр байршдаг. Мөн Адаацаг сумын Ар- Урт, Өлзийт сумын Буянт, Дэрэн сумын 3- р баг дахь санал авах байрууд сүлжээ саатсаны улмаас санал тоолох төхөөрөмжийн мэдээг сумын төвдөө ирж байж дамжуулжээ. Хоёр дахь санал хураалтын мэдээг аль болох хурдан хугацаанд дамжуулахыг зөвлөсөн байна.

Т. Отгонтуяа
Related news