Архангайд гемодиализийн аппаратны эмчилгээ нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-11 14:35:01
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт гемодиализийн эмчилгээний хоёр аппарат суурилуулж, эмчилгээ хийж эхэллээ. Гемодиализийн эмчилгээ хийх 2 эмч, 2 сувилагчийг сургалтад хамруулж бэлтгэжээ. Аймгийн хэмжээнд 14 иргэн бөөрний архаг дутагдалтай бөгөөд гемодиализийн аппаратны эмчилгээнд Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт байнга эмчилгээ хийлгэдэг байна. 

Бөөрний архаг дутагдалтай хүн сард ойролцоогоор 600,000 төгрөгөөр эмчлэгддэг гэдгийг аймгийн ЭМГ-аас мэдээлж байна. Харин төр засгаас эмчилгээний төлбөрийг дааж, аймаг орон нутагтаа эмчилгээнд орох нөхцлийг бүрдүүлж өгсөн нь өвчтөний биеийн байдалд шууд нөлөөлж сайжрахаас гадна гэр бүлийнхэн нь ч санхүүгийн бэрхшээлээс гарах боломжтой боллоо гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байв.
 
Дашрамд дуулгахад 2016 оны сүүлийн хагас жилийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдад түргэн тусламжийн 10 гаруй автомашиныг олгож, нэгдсэн эмнэлэгт  132,0  сая төгрөгийн өртөг бүхий дурангийн  хагалгааны  тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.  Мөн Бүгд Найрамдах Франц  улсын “ACTIONS MONGOLIE” төрийн  бус  байгууллагын санаачилга, хандиваар 15457.35 еврогийн үнэтэй “Olympus” фирмийн 2017 оны шинэ дурангийн хагалгааны иж бүрдлийг Нэгдсэн эмнэлэгт суурилуулан эмэгтэйчүүд, хүүхдэд дурангийн хагалгаа хийж эхлээд байна.  

Б.Гэрэлт-Од
Related news