В.Баасанжаргал: Хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэгээ нэмснээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-04-11 16:23:33

Эрдэнэбулган, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажил эрчимжүүлэх гурван сарын аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд хийх ажил, ямар үр дүнд хүрэх талаар аймгийн ХХААГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Баасанжаргалаас тодрууллаа.

 

-Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын 36 дугаар тогтоол улс орон даяар хэрэгжиж байгаа. Энэ тогтоолын хэрэгжилтийг Архангай аймагт хэрхэн хангаж байгаа вэ?

-УИХ-ын 36 дугаар тогтоол 2022 онд батлагдан мөрдөгдөж эхэлсэн. Таван бүлэг, 49 заалт, 116 арга хэмжээг заасан, маш өргөн цар хүрээг хамарсан тогтоол бий. Манай аймаг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

Архангай аймаг 2023 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд сумдын хүнс, худалдаа эрхлэгч, хүнсний үйлдвэрлэгчид, газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдэд 5 тэрбум орчим төгрөгийн зээл олгосон байна. Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлын жилийн хүрээнд аймгийн төв Эрдэнэбулган суманд эрчимжсэн фермийн аж ахуйг дэмжих чиглэлээр мах, сүүний хосолмол ашиг шим бүхий цэвэр үүлдрийн 19 үхрийг худалдан авч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр олгож байна. Энэ нь суурин газрын хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилготой юм.

 

Мөн аймгийн бизнес эрхлэгч, малчин эмэгтэйчүүд, төрийн бус байгууллагатай хамтран “Аюулгүй хүнс-Малчин эмэгтэйчүүд” хөтөлбөрийг 2023 онд хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн зүүн талын найман сумын 56 малчин эмэгтэйд эрүүл, аюулгүй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь зориулж, сүүний төмөр, ган сав өгсөн.

 

Дараа нь хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, хүнсний ногооны дотоодын хэрэглээгээ хангах зорилгоор бүх суманд 47 сая төгрөгийн үнэ бүхий 13 нэр төрлийн хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон нь үр дүнгээ өгч эхэлсэн.    

 

-Дээрх тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг зорьж гурван сарын аян зарлалаа. Аяны хүрээнд юунд анхаарч, үр дүн гаргахыг төлөвлөж байгаа вэ?

-Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалын дагуу улс орон даяар зохион байгуулж байгаа. “Хүнсний аюулгүй байдал” гурван сарын аяны хүрээнд хяналт шалгалт, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжийг соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээллээр хангах, мэргэжил арга зүйгээр хангахад анхаарч ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

 

Хүнсний аюулгүй байдал аяны хүрээнд төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхээс гадна аймгийн хэмжээнд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 50 хувийг, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг бүрэн хамруулж, салбарын сургалтыг зохион байгуулна.

Сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд хийх ажлуудын тухайд аймгийн ЭМГ, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, сургуулиуд болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран эрүүл зөв хооллолтын зөвлөмж, хүүхдэд худалдахыг хориглосон хүнс, шаардлага хангахгүй шошго, сав баглаа боодол бүхий хүнсний бүтээгдэхүүний үзүүлэн зэрэг сургалт, сурталчилгаа, зөвлөмж мэдээллүүдийг бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.

Аяныг аймгийн хэмжээд 3 сарын хугацаанд хийх тул гарсан тушаал шийдвэр, аяны төлөвлөгөөг танилцуулж, сумын холбогдох албан тушаалтнуудад цахимаар үүрэг чиглэл өгсөн байгаа.

Аяны гол зорилго нь хүнсний худалдаа эрхлэгчдэд дотоод хяналтыг сайжруулах, үйлчилгээний стандартыг баримтлах, эрүүл хүнсээр иргэдийг хангах, мэдлэг мэдээлэл олгох юм.

 

-Архангай аймагт хүнсний аюулгүй байдал хэр хангагдсан байдаг вэ? Үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид юунд илүү анхаарах шаардлагатай вэ?

-Аймгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газарт ажиллаж байгаа улсын байцаагчдаас гадна сум орон нутагт бүх шатны Засаг дарга нар хяналт тавьж ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ чиглэлийн хүрээнд их эрсдэлтэй газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээс гадна урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг хийж, тухай бүр асуудлыг шийдвэрлэж байна. Манай байгууллагын тухайд 3 дугаар сард 14 сумын 71 аж ахуйн нэгж, 8 иргэний үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, хадгалах хугацаа дууссан 19 нэр төрлийн 93 ширхэг 634 500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг байгууллагын дотоодын хяналтаар устгуулаад байна.


Шалгалтаар холбогдох хууль, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд хяналт хийж, хяналтын хуудсаар эрсдэлийг дүгнэн давхардсан тоогоор 86 зөрчил илрүүлэн, 67 буюу 77.9 хувийг арилгуулан, улсын байцаагчийн 8 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, 69 аж ахуйн нэгж, 96 иргэнийг мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.  


Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ шошго, гарал үүсэл, хадгалалтын горимд тавих дотоод хяналтдаа анхаарах хэрэгтэйг бид зөвлөдөг. Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах” гээд заагаад өгчихсөн, Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор Дотоод хяналт хийх үлгэрчилсэн журмыг батлаад өгсөн байдаг. Дотоод хяналтыг тогтмолжуулснаар өөрт учрах болон хэрэглэгчдэд учруулж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, таслан зогсоодог.

 

-Аймгийн хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч хэд байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд хүнсний чиглэлийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн, эрсдэлийн шалгуураар үнэлэгдсэн 516 худалдаа эрхлэгч, 244 хоол үйлдвэрлэл эрхлэгч, 54 хүнсний үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна.

 

-Архангай аймагт хүнсний аюулгүй байдлыг хангахад ямар, ямар эрсдэлийг арилгах шаардлага байгаа вэ? Өөрчлөлтүүд бий юу?

-Бидний тухайд Засгийн газрын 479 дүгээр тогтоолын хүрээнд батлагдсан удирдамж, хяналтын хуудсаар шалгалт хийж эрсдэлийг үнэлдэг. Хүнсний худалдааны газруудад хийсэн хяналт шалгалтаар хадгалалтын хугацаа хэтрэх, хөргүүр хөлдөөгчийн горимын мөрдөлтөд хяналт тавьдаггүй, дотоод хяналтын журмаа баталж мөрдөөгүй, мэргэжлийн бус ажилтантай, буцаалтын болон ул мөрийн бүртгэл хөтлөлт тогтмолжоогүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байна. Хяналт шалгалтын үр дүнд дотоод хяналтын журам батлах, дотоод хяналтын ажилтнаа томилох, хөргүүр хөлдөөгчийн горимын мөрдөлтөд хяналт тавьж бүртгэл хөтлөх, буцаан авалтын хаяг бүхий тавиуртай болж, ул мөрийн бүртгэл хөтлөх зөрчлүүдийг арилгуулж байна.

 

Мөн аяны хүрээнд худалдагчийн мэргэжлийн үнэмлэх олгох, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хүнсний аюулгүй байдал, дотоод хяналтын мэдлэг олгох сургалтыг эрх бүхий сургалтын байгууллагаар хийлгүүлэхээр ажиллаж байна.

 

-УИХ-ын 36 дугаар тогтоол нь Ерөнхийлөгчийн санаачлан үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Хүнсний хувьсгал”- тай хэрхэн уялдаж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн санаачлан үндэсний хэмжээнд өрнүүлж буй Хүнсний хувьсгалыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас 36 дугаар тогтоолыг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр баталсан. Аянаар тодорхой асуудлуудын хүрээнд хяналт шалгалт хийж байгаа учир аймгийн хэмжээний дүнг нэгтгэж хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулна. Мөн сургалт сурталчилгааны ажлын хүрээнд хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээлэл сайжирч, хувийн бизнесийн хөгжил, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна гэж харж байгаа.

 

УИХ-аас гарсан тогтоол, Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд, ХХААХҮЯ-наас эхлүүлж байгаа энэ гурван сарын аян зэрэг нь хоорондоо маш их уялдаа холбоотой. Зорилго нь нэг юм. Гол нь бид нар экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын эрүүл, аюулгүй хүнсийг бэлтгэхэд энэ бүхний зорилго оршиж байгаа юм. Нөгөө талаар иргэдийг эрүүл хүнсээр хангахын тулд үйлдвэрлэлийн болон борлуулалтын үе шат болгонд стандартыг мөрдүүлэх, аль болох хэрэглэгчдэд ая тухтай орчныг бүрдүүлж, хэрэглэгчдийг чанар, стандартын гарал үүсэл нь тодорхой, баталгаатай эрүүл хүнсээр хангахад энэ томоохон хөдөлгөөн, аяны уялдаа холбоо, зорилго нь зангидагдаж байгаа юм. 


Related news