Азийн тулааны спортын V наадмын анхны алтан медалийг О.Мөнхцэцэг хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-18 09:27:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркменистаны Ашгабат хотноо болж буй Азийн танхимын болон тулааны спортын V наадмаас Монголын багийн анхны медалийг О.Мөнхцэцэг хүртлээ.

Тэрбээр, Туркменистаны үндэсний бөхийн төрөлд алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа төрийн дууллаа эгшиглүүлжээ. Энэ сарын 17-27-ны өдөр болох  тус наадамд энэ удаа Азийн 63 орны тамирчид спортын 22 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорих юм. Монгол Улсаас спортын 12 төрөлд 64 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна. 
Дашрамд сонирхуулахад, Манай баг тамирчид анх удаа болсон 2005 оны наадмаас эхлэн тасралтгүй оролцож хоёр алт, долоон мөнгө, 14 хүрэл нийт 23 медаль хүртээд байна. Тус наадам нь Батгкок хотноо 2005 онд, 2007 онд Макаод, 2009 онд Ханой хотноо Азийн танхимын спортын наадам нэртэй зохион байгуулсан. Харин 2013 онд БНСУ-ын Инчеон хотноо Азийн танхимын болон тулааны спортын наадам нэртэйгээр анх удаа болсон юм. Дөрвөн жилийн өмнө энэ наадамд Монгол Улсын баг 54 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.

Д.Өлзий
Related news