Багийн спортоор хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг тамирчид эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-19 13:52:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БНХАУ-ын Шиамень хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигийн алтан медалийн эзэд болсон Монгол Улсын шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Дэлхийн аварга цол хүртсэн баг тамирчдыг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардахад, тэдний ар гэрийнхэн, баг хамт олон, найз нөхөд цэцгийн баглаатай баяр хөөр дүүрэн угтан авсан юм.
Дэлхийн 2017 оны оюутны лигийн алтан медалийн төлөөх тоглолтод манай сагсчид Сербийн хүчтэй багийг 21:17 хожиж Монголын багийн спортын түүхэнд анхдагч дээд амжилт үзүүлсэн билээ. Монгол Улсын анхны дэлхийн аварга багийн бүрэлдэхүүнийг та бүхэнд танилцуулж байна.
Багийн ахлагч Б.Батзолбоо Сүхбаатар аймгийн уугуул 21 аймгийн баг оролцдог Спрайт лигт Ховд-Мон-Алтиус багаас 2016 он тоглож түрүүлсэн, энэ жил мөнгөн медаль хүртсэн, Тэрбээр ДАШТ-ий болон Ази тивийн АШТ-ий  мөнгөн медалтай. Харин энэ жил тивийн болон Дэлхийн оюутны лигийн аварга боллоо.
Багийн тоглогч Б.Наранбаатар Хөвсгөл аймгийн уугуул Спрайт лигийн мөнгөтэй, 2017 оны Ази тивийн болон дэлхийн оюутны аварга тамирчин. Багийн тоглогч Ц.Отгонжаргал Хэнтий аймгийн уугуул, Спрайт лигт тоглодог. Багийн тоглогч О.Энхбаатар /МУИС/ Архангайгаас лигт тоглож хүрэл медаль хүртсэн. Тэд энэ жил тивийн болон дэлхийн аварга болоод байна. Энэ багийн дасгалжуулагч С.Тулга. Баг тамирчдын угтан авч байгаа энэ үеэр багийн тоглогч Ц.Отгонжаргалын ээж Б.Оюуннавчтай уулзаж сэтгэгдлийг авсан юм. Тэрбээр, Өнөөдөр маш өндөр сэтгэгдэлтэй байна. Тулга дасгалжуулагчтай 3х3 сагсанбөмбөгийн баг дэлхийн оюутны лигт түрүүлж түүхэн амжилтын эзэд боллоо. Хүүдээ болон багийн хамт олонд халуун баяр хүргэе. Улам их амжилт гаргах болтугай. Тэд өнгөрсөн 4 сард тивийн аварга болсон бол одоо Дэлхий тивийн аварга болоод ирсэнд үнэхээр бахархаж байна. ШУТИС-ийн хамт олон болон тусалж дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье гэв. Дэлхийн оюутны лигийн аварга хэмээх хүндтэй цолны эзэн, багийн тоглогч Б.Наранбаатартай уулзахад, сэтгэгдэл маш өндөр байна. Манай баг Тайланд, Канадын Иран, Эстони, Аргентин, Чили зэрэг дэлхийн оюутны лигийн шилдэг багуудтай тоглож дэлхийн аваргын аваргы төлөө Сербийн хүчтэй багийг хожиж алтан медаль хүртлээ. Одоо эх орондоо хэд хоноод Мексикт дэлхийн шилдгүүдтэй тоглоно гэлээ.

 
Мөн энэ үеэр дэлхийн аварга болсон багийн дасгалжуулагч С.Тулгатай уулзаж сэтгэгдлийн авсан юм. Манай баг Азийн аварга болж энэ тэмцээнд тивээ тэргүүлж оролцлоо. Бид бэлтгэл сургуулилт, уч чадвар өндөр байгаа гэдгээ нотолж дэлхийн оюутан залуучуудын 3х3 сагсанбөмбөгийн хамгийн шилдэг багуудыг хожиж анх удаа дэлхийн аварга боллоо. Бидний ард дэлхийн шилдэг Серби, Канадын баг орсон. Монгол Улсаас багийн спортоор тив, дэлхийд өрсөлдөж байгаа багуудаас өндөр амжилтыг бид үзүүлж чадлаа. 3х3 сагсан бөмбөгийн спорт нь олимпийн хөтөлбөрт орсон спорт төрөл юм.  Бид 2018 оны ДАШТ-д орох эрхээ авахад их ойртлоо. Энэ сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд Мексикийн Мехико болох насанд хүрэгчдийн дэлхийн шилдэг 12 багийн тоглолтод Ази тивээ төлөөлөн оролцоно. ДАШТ бол 9 дүгээр зэрэглэлийн тэмцээн байдаг. Харин одоо Мексикт болох тэмцээн бол 10 дугаар зэрэглэлийн дээд шатны тэмцээн. Мексик цаг агаараас эхлээд цагийн зөрүү гээд бэрхшээл байгаа ч бид асуудлыг давж гарч амжилттай тоглох болно гэв.

Д.Өлзий 
 
Related news