Өвлийн усанд сэлэлтээр Ш.Даваадорж хос мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-09 12:42:42
 Улаанбаатар/МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шаньдун мужид  өнгөрөгч ням гарагт  өндөрлөсөн өвлийн усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд Ш.Даваадорж амжилттай оролцож, хос мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр 50 метрийн далайн гахайн сэлэлтийн төрөлд болон олон улсын холимог багийн /4х50 м/  уралдаанд амжилттай оролцож, амжилтаа ахиулсан байна. Энэ жилийн тэмцээнд АНУ, БНХАУ, ОХУ, Австри, Эстони, Чех, Монгол зэрэг 10 орны 400 орчим тамирчид өвлийн усанд сэлэлтийн төрлүүдэд өрсөлджээ. Олон улсын холимог багийн тэмцээнд 60 баг хурд, хүч, ур чадвараа сорьсон байна. Тэрбээр багийн төрөлд дахин нэг мөнгөн медаль хүртжээ.

Өвлийн усанд сэлэлтийн төрлөөр сүүлийн жилүүдэд эх орныхоо нэрийг гаргаж байгаа Ш.Даваадорж “Дорнын чоно” клубын тамирчин юм. Энэ жил 49 настай тэрбээр өнгөрсөн жил болсон Дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Ш.Даваадорж олон улсын нээлттэй тэмцээн болон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 24 алт, 11 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байна. Мөн дэлхийн цомын хоёр удаагийн аварга юм.

Усанд сэлэлт, бодибилдингээр сүүлийн 30 гаруй жил хичээллэж буй Ш.Даваадорж 2018 оныг хос медальтай ийнхүү эхлүүллээ. Тэрбээр дахин хоёр тэмцээнд оролцоод энэ сарын сүүлээр эх орондоо ирнэ. Тэрбээр энэ сарын 17-нд Унгарт болох дэлхийн цомын тэмцээнд ур чадвараа сорино.
Д.Өлзий
Related news