Дайчид өвлийн спортын олон төрөлт тэмцээнд хурч хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
183@montsame.mn
2018-01-19 13:46:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлт болон Цэрэг, спорт цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээний нээлт боллоо. Хужир булан дахь сургалтын төвд энэ сарын 18-24-ний өдөр болох энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 400 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Тэмцээний нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Монголын цанын холбооны Ерөнхийлөгч Д.Хишигжаргал болон БХЯ, ЗХЖШ-ын зарим газар, хэлтсийн дарга нар оролцлоо. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  “Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, тив, дэлхийн чанартай олон тэмцээнд амжилттай оролцдог тамирчид та бүхний дундаас тодрон гардаг. Нэг талаасаа тэднийг эрлэн хурцалдаг дасгалжуулагчид, нөгөө талаасаа хүчтэй өрсөлдөгчид нь та нөхөд юм шүү” гэж тамирчин дайчдад амжилт хүсэв. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа  “Хоёр жил тутамд явагддаг энэхүү тэмцээндээ идэвх санаачилгатай хандаж, баг тамирчдаа бэлтгэн оролцуулж байгаа нийт ангиудын удирдлагууд, бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлье. Ялангуяа, эх орныхоо баруун, зүүн хязгаараас тэмцээндээ оролцохоор зорьж ирсэн баг тамирчдаа харахад сэтгэл хангалуун байна. Тийм ч учраас өмнөх жилүүдтэй харьцуулахад өнөө жилийн тэмцээнд оролцож буй баг тамирчдын тоо харьцангуй нэмэгдэж, тэмцээний цар хүрээгээ улам тэлж байна” гэсэн үг хэлж тэмцээнийг нээлээ. 

 
Ж.Батсайхан
Related news