Умард Солонгос Сири рүү химийн зэвсгийн үйлдвэр барихад ашиглах материалууд илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-28 11:02:53
ПХЕНЬЯН. /Нью-Йорк Таймс/. Химийн зэвсгийн үйлдвэр барихад ашиглаж болохоор материалуудыг Умард Солонгос Сирид нийлүүлсэн байна гэж НҮБ-ын шинжээчид мэдэгдсэн тухай “Нью-Йорк Таймс” сонин мэдээлжээ.

Халуун болон хүчилд тэсвэртэй хавтан, зэвэрддэггүй хавхлаг болон термометр зэргийг Умард Солонгос Сири рүү илгээсэн гэж НҮБ-ын шинжээчдийн тайланд дурджээ. Халуун болон хүчилд тэсвэртэй хавтангуудыг химийн зэвсгийн үйлдвэр барихад Сири ашиглах гэж байж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Мөн Пхеньяны пуужингийн мэргэжилтнүүд Сирийн зэвсгийн байгууламжуудад үзэгдэх болсон гэнэ.

Сирийн засгийн газрын хүчнийхэн босогчдын түшиц газар руу давшихдаа хлорын хий ашиглаж байсан гэсэн мэдээлэл саяхан гарсны дараа дээрх мэдээлэл гарч байна.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай нь холбогдуулан Умард Солонгост олон улсын хамтын нийгэмлэг шахалт үзүүлсээр байгаа юм.

2016 оны сүүлчээс 2017 оны эхэн үе хүртэлх хугацаанд Умард Солонгос Хятадын нэгэн худалдааны фирмээр дамжуулан Сири рүү таван удаа ачаа илгээсэн гэнэ.  Үүнээс өмнө ч ачаа илгээж байсан байж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Сири болон Умард Солонгос нь олон арван жилийн тэртээгээс цэрэг армийн салбарт хамтран ажиллаж ирсэн улсууд аж.
 
Г.Доржханд

Related news