45 малчныг 190 гаруй сая төгрөгөөр малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-08 14:12:17

Энэ онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Дундговь аймгийн 14 сумын 45 малчин хамрагдаад байна. Тэднийг малжуулж, мал сүргийнх нь тоо толгойг өсгөхөд хөтөлбөрийн хүрээнд 192 сая төгрөг зарцуулжээ.

Хөтөлбөрт 70- 100 хүртэлх малтай малчин хамрагдах бөгөөд тэдэнд орон нутгийн зах зээлийн ханшаар нутгийн малчдаас мал худалдан авч өгдөг. Малчид хоёр жилийн хугацаанд малынхаа үнийн дүнгийн тавин  хувийг эргэн төлөх нөхцөлтэйгээр энэхүү хөтөлбөрт хамрагддаг байна. Энэ жил хөтөлбөрт хамрагдсан 45 малчинд 2300 гаруй мал худалдан авч өгчээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдээс Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр үр дүн илүү байгааг онцолж, хөтөлбөрт хамрагдсан малчид болон мал нийлүүлсэн малчдаа оролцуулан ирэх онд зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж байгааг Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С. Намжилжав хэллээ.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 2008 онд эхэлсэн байдаг. Гэхдээ Хөдөлмөрийн яам бие даан эмхлэгдэн байгуулагдсанаас хойш авч үзвэл энэ хөтөлбөрт Дундговь аймгийн 100 шахам малчин хамрагдаад байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

 

Related news