Сэтгүүлч Л.Болормаа агсанд "Transparency award 2015" шагналыг нэхэн олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ"Transparency International" TББ-аас Шударга ёсны шагнал буюу "Transparency award 2015" шагналыг сэтгүүлч Л.Болормаа агсны охин Б.Алигэрмаад гардуулав.
"Transparency International" TББ Монгол Улсад анх удаагаа "Шударга ёсны шагнал"-ыг олгох үйл ажиллагааг зохион байгуулж буй бөгөөд “Тransparency award 2015" нь олон түмэнд "Авлигын байдлыг ил тод, шударга байлгахад хувь нэмэр оруулсан иргэнд олгодог шагнал гэдгийг "Transparency International" TББ-ын Монгол дахь төлөөлөгч O.Төрболд онцлов. Тус ТББ Шударга ёсны шагналын эзнийг иргэдийн санал асуулгыг үндэслэсэн бөгөөд сэтгүүлч агсан Л.Болормаагийн авлига болон уул уурхайн салбарын ил тод байдлыг илтгэсэн нийтлэлүүдийг үнэлжээ.
Л.Болормаа агсны охин Б.Алигэрмаа ярихдаа, “Ээжийн минь хурц, шийдэмгий, баримт бүхий нийтлэл олны итгэлийг дагуулдаг байсан. Магадгүй зарим хүнийг цочроодог, гүн бодолд оруулдаг байсан биз. Ийм сайхан үнэ цэнэтэй шагнал авсан ээжээрээ би их бахархаж байна" гэлээ.
Б.Заяа