Зарим урсгал зардлыг 100 хувь хаслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн ИТХ-ын 15 дугаар хуралдаанаар гадаад томилолт, зочид төлөөлөгчид хүлээж авах зардал, ЕБС-аас бусад байгуулагуудын ном хэвлэлийн зардал, шагнал урамшууллын зардал зэрэг зарим урсгал зардлуудыг 100 хувь бууруулав.
Тус хуралдаанаар 9 асуудал хэлэлцэх байснаас маргаантай гэгдэх Дархан, Бор-Өндөр сумдын хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх эсэх дээр санал хурааж олонхийн саналаар энэ асуудал хасагдлаа.
Хуралдаанаар аймгийн 2016 оны төсвийн төсөл, 2015 оны төсвийн тодотголыг батлах тухай, Аймгийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, Хэнтий аймгийн хэмжээнд 2016 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг тогтоох тухай, Улсын тусгай хамгаалалттай “Хэрлэн тооно” уулын менежментийн төлөвлөгөөг батлах тухай, Хэрлэн голын дагуу аймгийн тусгай хамгаалалттай газарт өөрчлөлт оруулж хамгаалалтанд авах тухай зэрэг нийтдээ 8 асуудал хэлэлцэхээр асуудлуудыг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-аас баталсан 2015 оны төсвийн тодотголоор нийтдээ 466,9 сая төгрөгөөр энэ оны зарлага буурч, төсвийн тодотгол 53,3 тэрбум төгрөгөөр батлагдлаа.
Мөн аймгийн 2016 оны төсвийн төслийг боловсруулахдаа улсын төсвөөс тэнцвэрт байдлыг хадгалах чиглэл өгсөний дагуу нэгдсэн зарлагын бүтэц бүрэлдэхүүнийг хэвээр нь баталж, Засгийн газрын 425 дугаар тогтоолын дагуу сумдын ЗДТГ-ын бүтцэд өөрчлөлт оруулан баталж, цалин, орон тоог боловсруулан оруулжээ.
О.Буянхишиг