Нигерийн дипломатыг Ираны Гадаад хэргийн яаманд дууджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕГЕРАН. /IRNA/. Нигерийн Зариа хотын лалын шиитүүдийн мөргөлийн газарт Нигерийн арми халдаж, нилээд олон хүний аминд хүрч, шархдуулсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхээр Иран улс Гадаад хэргийн яамандаа Тегеран дахь Нигерийн итгэмжит төлөөлөгчийг дууджээ.
Нигери дэх Лалын хөдөлгөөнийг тэргүүлэгч, шейх Ибрагим аль-Закзаки тус улс дахь шийтүүдийг удирдаж байна.
Нигерид олон хүний амь үрэгдсэнд Ираны Гадаад хэргийн яам гүн эмгэнэл илэрхийлснийг тус яамны мэдээллийн хэлтэс мэдэгдсэн юм.
Халдлагыг байж болшгүй хэрэг хэмээн Ираны Гадаад хэргийн яаман дахь Африкийн I товчооны дарга буруушааж, Нигери дэх лалын шиитүүд, тэдний гэр бүл, ялангуяа, Лалын хөдөлгөөний удирдагчийг тус улсын Засгийн газар хамгаалах үүрэгтэйг онцлов.
Хоёр улс сайн харилцаатай бөгөөд энэ асуудлаарх Ираны байр суурийг Засгийн газартаа мэдэгдэж, Засгийн газрынхаа хариуг Иранд дамжуулна гэдгээ Нигерийн дипломатч хэлсэн байна.
Х.Аминаа