ОХУ-ын байр суурийг Керри хүлээн зөвшөөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-16 13:01:12

МОСКВА. /АР/. Сирийн иргэний дайныг хэрхэн зогсоох тухай, хэдэн жил үргэлжилж байгаа маргааныг АНУ, ОХУ шийдвэрлэхээр хичээж байгаатай холбогдуулан Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын ирээдүйг сиричүүд шийднэ гэсэн ОХУ-ын тууштай байр суурийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хүлээн зөвшөөрсөн байна.

АНУ болон түүний түнш орнууд Асадын дэглэмийг өөрчлөхийг хүсээгүй гэж Керри ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсаныхаа дараа мэдэгджээ. Мөн тэрбээр Сирийн асуудлаарх олон улсын бага хурал энэ долоо хоногийн сүүлээр Нью-Йорк хотноо болох тухай дурджээ.

Хүний эрхийг ноцтой зөрчиж, химийн зэвсэг ашиглаж байна гэж Өрнөдийн орнууд Асадыг буруушааж байгаа бөгөөд дөрөв гаруй жил үргэлжилж байгаа Сирийн мөргөлдөөнийг Асад зогсоох боломжгүй гэж АНУ үзэж байгааг тэрбээр дахин мэдэгджээ.

Гэвч Асадын олон улсын гол дэмжигч буюу ОХУ-тай хэлэлцээ хийснийхээ дараа Керри, “одоо Асадын асуудлыг яаралтай шийдэх маргаанд бус, харин Сирид энхийг тогтоох явцад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр улсынхаа ирээдүйн төлөө сиричүүд шийдвэр гаргах юм” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース