Пусан-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-17 08:45:38

УЛААНБААТАР. /Yonhap/. Өмнөд Солонгост хэмжээгээр хоёрт ордог боомтын хот Пусан, Улаанбаатарын хооронд ирэх оны 3 дугаар сараас эхлэн шууд нислэг үйлдэхээр хоёр тал зөвшилцлөө.

Төв Азийн орны нийслэл Улаанбаатар хотод Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хван Ан-Ке, Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар уулзаж, хэлэлцээрт хүрсэн гэж Хваны мэдээллийн алба мэдэгджээ.

Худалдаа, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, хоёр талын харилцааг сайжруулах асуудлыг хэлэлцэх хоёр хоногийн айлчлалыг хийж буй Хван тус улсад мягмар гарагт хүрэлцэн ирсэн юм.

Одоогийн байдлаар Сөүл хотын баруун дүүрэгт байрладаг Инчон олон улсын нисэх буудлаас Улаанбаатар луу долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэж байна. Гэсэн хэдий ч нислэгийн чиглэлийг өргөжүүлэх хүсэлт ирсээр байгаа юм.

Улаанбаатар хотын захын дүүргүүдэд дулаан, эрчим хүч хосолсон цахилгаан станц барьж, ашиглалтад оруулах 1.34 тэрбум долларын төслийг гүйцэтгэх талаар хоёр тал мөн зөвшилцсөн байна.

Жилд 450 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станцыг Өмнөд Солонгосын ган хайлуулалтаар тэргүүлэгч компани “POSCO” энэ онд барьж эхлэн, 2019 онд дуусгахаар гэрээнд заажээ.

Ураны хүдэр болон газрын ховор элементүүдийг хамтран олборлож, боловсруулах талаар хоёр улсын хамтран ажиллахыг Хваны айлчлал дахин нотолж байна гэж албаны хүмүүс хэлсэн юм.

Монголын томоохон уурхайнууд эрчим хүчний эх үүсгүүр, байгалийн баялгаар дэлхийд 10-т ордог гэж үздэг.

Х.Аминаа

 

関連ニュース