АНУ сөнөөгч онгоцуудаа Туркээс эргүүлэн татлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /VOA/. Туркийн агаарын цэргийн баазаас 12 сөнөөгч онгоцоо эргүүлэн татаж, Их Британи дахь бааз руугаа шилжүүллээ гэж АНУ-ын арми мэдэгдэв.
Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгөх зорилгоор АНУ 11 дүгээр сард зургаан “F-15E Strike Eagle” сөнөөгч онгоцоо Туркт байрлуулсан байна. Мөн Туркийн батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр зургаан “F-15C Eagles” сөнөөгч онгоцоо АНУ Туркийн “Инджирлик” агаарын цэргийн бааз руу илгээсэн байжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер “Инджирлик” агаарын цэргийн баазад зочилсны маргааш буюу лхагва гарагт Герман дахь АНУ-ын Европын командлал дээрх мэдэгдлийг хийсэн байна.
“F-15” сөнөөгч онгоцуудыг түр хугацаагаар Туркт байрлуулж байсан бөгөөд эдгээрийг буцаан татсаныг Туркт өгсөн амлалтаасаа буцаж, “Лалын улс”-тай тэмцэх ажиллагаанд өөрчлөлт оруулж байна гэж ойлгох хэрэггүй гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жефф Дэвис мэдэгдэв.
НАТО-гийн холбоотон Турк ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөснөөр, хоёр улсын харилцаа муудсан билээ. Уг хэргээс хойш нэг сарын дараа АНУ сөнөөгч онгоцуудаа Туркээс татлаа.
Туркийн батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх болон тус улсын нисгэгчдийг бэлтгэхэд “F-15C Eagles” сөнөөгч онгоцуудыг ашиглаж байжээ.
Д.Нямтулга