Тайваньд зэвсэг худалдахыг Цагаан ордон зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. Нийт 1.83 тэрбум долларын өртөг бүхий зэвсгийг АНУ Тайваньд нийлүүлэхээр төлөвлөж байна.
Пентагоны дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг Аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны агентлагийн мэдээлснээр, энэ тухай шийдвэрийг АНУ-ын Төрийн департамент баталжээ.
Тайваньд худалдаж магадгүй зэр зэвсэг, цэргийн техникийн тоонд “Oliver Hazard Perry” ангиллын пуужингийн харуулын хоёр хөлөг онгоц, танк эсэргүүцэгч залуурт сумууд, десантын байлдааны машинууд болон “Stinger” зенитийн пуужингийн хөдөлгөөнт цогцолборууд орсон байна.
Ийм их хэмжээний зэвсэг Тайваньд нийлүүлэх гэж байгаа нь БНХАУ-ын талаар баримталдаг АНУ-ын “нэг Хятад бодлогод” өөрчлөлт гарсан хэрэг биш гэж Төрийн департамент мэдэгджээ.
Гэсэн хэдий ч Бээжингийн эрх баригчид Вашингтон болон Тайбэй хооронд гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тухай анхны мэдээлэл гарсны дараа буюу мягмар гарагт Тайваньд зэвсэг худалдахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.
Д.Жаргал