АНУ дахь байг устгах чадалтай пуужинг БНХАУ туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. АНУ дахь байг устгах чадалтай, төмөр замаар тээвэрлэдэг, алсын тусгалтай пуужинг БНХАУ энэ сард туршлаа гэж уг туршилтыг ажиглаж байгаа АНУ-ын тагнуулын байгууллагууд мэдэгдэв.
Төмөр замын тавцанд суурилуулсан “DF-41” пуужинг харвах туршилт энэ сарын 5-нд БНХАУ-ын баруун нутагт болсон гэж уг туршилтын тухай мэдээлэлтэй ойр байсан эх сурвалж “Washington Free Beacon” цахим хуудсанд мэдээлжээ.
Төмөр замд суурилуулсан пуужин харвах системийг БНХАУ 1982 оноос хойш хөгжүүлж байна гэж АНУ-ын Тагнуулын мөрдөх товчооны нууцын зэрэглэлээс гаргасан баримт бичигт дурджээ. Хамгийн сүүлд хийсэн, БНХАУ-ын зэвсэг үйлдвэрлэгчдийн хувьд томоохон амжилт болсон уг туршилт нь “DF-41” пуужингаа БНХАУ төмөр замын хөдөлгөөнт харвагчид суурилуулах зорилготой байгааг илтгэж байна гэж албаны хүн мэдэгджээ.
Пуужин тээж байгаа галт тэрэг пуужин харвах вагон, командын вагон болон дэмжлэг үзүүлэх бусад вагон зэргээс бүрдэх бөгөөд зорчигч тээврийн вагон мэт харагдах ажээ.
БНХАУ одоо цөмийн цэнэгтэй 300 орчим хошуутай.
Төмөр замаар тээвэрлэдэг пуужингийн уг технологийг БНХАУ Украинаас авсан гэж үзэж байна. Ийм технологийг анх ЗХУ-ын үед ашиглаж, “РТ-23” тив хоорондын баллистик пуужинг үйлдвэрлэсэн гэж Жоржтауны их сургуулийн Азийн зэвсэглэлд хяналт тавих төслийн тайланд дурджээ.
Д.Нямтулга