Хакерууд Туркийн Засгийн газарт кибер дайн зарлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. “Anonymous” бүлэглэлийн хакерууд Туркийн Засгийн газрын эсрэг кибер дайн явуулах томоохон кампанит ажил эхлүүлснээ мэдэгджээ. Хакерууд Туркийн Засгийн газрыг террорист “Лалын улс” бүлэглэлийг дэмжсэн гэж буруушаасан байна.
“Турк улс “Лалын улс”-аас нефть худалдан авч, тус бүлэглэлийн босогчдыг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, террористуудыг дэмжиж байна” гэж хакерууд дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ дурджээ. “Туркийн удирдагч Эрдоган цаашид “Лалын улс”-д туслахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж хакерууд мэдэгдсэн байна. Уг мэдэгдлийг “YouTube” цахим хуудсан дахь “Anonymous” бүлэглэлийн эзэмшдэг сувагт нийтэлжээ.
“Хэрэв Турк “Лалын улс” бүлэглэлийг дэмжихээ зогсоохгүй бол тус улсын интернэт сервес, банкууд, засгийн газрын цахим хуудсуудад халдлага үйлдэж, серверүүдэд халдсаныхаа дараа нисэх онгоцны буудлууд, цэргийн объектуудад халдаж эхэлнэ” гэж мэдэгдлийг уншсан “Anonymous”-ийн төлөөлөгч анхааруулсан байна.
Д.Жаргал