Герман улс дүрвэгсдийн хямралыг амжилттай даван туулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕРЛИН. /TASS/. Герман улс дүрвэгчдийн хямралыг амжилттай даван туулж байна гэдэгт тус улсын Канцлер Ангела Меркель итгэлтэй байгаа бөгөөд хэрэв зөв арга хэмжээ авбал цаашид дүрвэгсдийн урсгалыг шийдэх боломжтой гэж үзэж байна. Энэ тухай Германы телевизэд зориулж хийсэн түүний шинэ жилийн мэндчилгээнд дурджээ. Меркелийн мэндчилгээг Германы Засгийн газрын хэвлэлийн алба пүрэв гарагт нийтэлсэн байна.
“Африкт дэгдсэн “Эбола” вирусийн халдварын тархалт зэрэг олон асуудал ард хоцорлоо. 2014 онд биднийг түгшээж байсан бусад асуудал одоо ч түгшээсэн хэвээр байна. Үүнд Сирийн дайн, террорист “Лалын улс” бүлэглэлийн хүний амийг харгис хэрцгийгээр хөнөөж байгаа хэрэг хамаатай” гэж Меркель онцлон тэмдэглэжээ.
“Эдгээр дайн, хямралын үр дагавар нь дэлхийн дүрвэгсдийн тоог Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш байгаагүйгээр нэмэгдүүлж байна гэж би өнгөрсөн жил шинэ он гарахын өмнө хэлж байсан” гэж Германы Канцлер дурдсан байна. “Ийм олон тооны хүмүүсийн урсгал биднээс бүр их зүйлийг шаардана. Үүнд ялангуяа энд удаан хугацаанд үлдэх хүмүүсийг нийгэмшүүлж нэгтгэх чухал даалгаврыг харгалзан үзвэл үүнд асар их цаг хугацаа, хүч, хөрөнгө мөнгө шаардлагатай” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. “Бидний үнэт зүйл, ёс заншил, бидний хууль эрх зүйн ойлголт, хэл, хууль тогтоомж, дүрэм журам нь манай нийгмийг нэгтгэдэг бөгөөд улс орны бүх ард түмэн бие биеэ харилцан хүндэтгэж, хамтран амьдрахын гол нөхцөл болдог билээ. Энэ нь энд амьдрахыг хүсч байгаа бүх хүнд хамаатай” гэж Меркель тэмдэглэжээ.
Түүний хэлснээр, хэрэв дүрвэгсдийг Германы нийгэмд нэгтгэж чадвал тус улс “эдийн засгийн хувьд ч, нийгмийн хувьд ч” хожно.
Д.Жаргал