Туркийн зүүн өмнөд нутагт дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-14 13:08:23

МОСКВА. /RIA Novosti/. Туркийн зүүн өмнөд нутагт тэсрэх төхөөрөг суурилуулсан автомашин дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо тав болж, 36 хүн шархадсан тухай Их Британийн радио, телевизийн “Би-Би-Си” корпораци тус улсын хэвлэлүүдийн мэдээллийг иш татан уламжилжээ.

Урьд нь хоёр хүн амиа алдаж, 22 хүн шархадсан гэж мэдээлж байв.

Тэсрэх төхөөрөг суурилуулсан автомашин Туркийн зүүн өмнөд нутгийн Диярбакыр мужийн цагдаагийн хэсгийн үүдэнд дэлбэрсэн гэж тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. 

Одоогоор нэг ч бүлэглэл дээрх халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна. Туркийн эрх баригчид тус улсад хориотой Курдистаны Ажилчны намын босогчдыг халдлагад буруутгажээ.

Энэ нь Туркт нэг долоо хоногт үйлдсэн хоёр дахь халдлага болж байгаа юм. Мягмар гарагт Истанбул хотын төвд Султанахмет талбайд Египетийн багана хөшөөний хажууд жуулчдын баг байх үед хүчтэй дэлбэрэлт болсон билээ. Уг дэлбэрэлтийн улмаас Германы 10 жуулчин амиа алдаж, 17 хүн шархадсан байна.

Д.Жаргал

 

関連ニュース