Минскийн гэрээг хэрэгжүүлэх нь чухал болохыг мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркель нар пүрэв гарагт утсаар ярихдаа, Украины асуудлаарх Минскийн гэрээг бүх тал зайлшгүй биелүүлэх нь чухал болохыг мэдэгдсэн тухай Цагаан ордон мэдээлжээ.
“Украины асуудлын хувьд Минскийн гэрээг талууд бүгд бүрэн биелүүлэх ёстой гэдэг хатуу байр суурь баримталж байгаагаа хоёр орны удирдагчид цохон тэмдэглэсэн” гэж Цагаан ордны мэдээлэлд дурдсан байна.
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын эсрэг Украины эрх баригчид 2014 оны дөрөвдүгээр сард цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. НҮБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, мөргөлдөөний улмаас 9000 гаруй хүн амиа алдсан байна. Донбассын байдлыг зохицуулах асуудлыг Минскийн холбоо тогтоох бүлэг хэлэлцэж байгаа юм. Тус бүлэг 2014 оны есдүгээр сараас хойш түр эвлэрэх гэрээ зэрэг мөргөлдөөнийг даамжруулахгүй байхад авах алхмуудыг зохицуулсан гурван ч баримт бичгийг батлаад байна. Гэвч түр эвлэрэх гэрээг байгуулсны дараа мөргөлдөгч талууд хоорондоо буудалцсаар байгаа юм.
Д.Жаргал