Унгар, Монгол 25 сая долларын зээлийн гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-26 14:57:55

БУДАПЕСТ. /hungarytoday/. Унгар, Монгол хоёулаа амжилттай хөгжиж буй орнууд бөгөөд хоёр орны Засгийн газрууд энэ амжилтаа хуваалцах сонирхолтой байна гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдэв.

Улаанбаатар хотод гурван өдрийн албан ёсны айлчлал хийж байгаа тэрбээр Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй даваа гарагт уулзсан байна.

“Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс маш сайн хөгжиж байгаагийн зэрэгцээ Унгарын эдийн засгийн хөгжил Европт алдартай болсон. Хоёр улсын чадавхыг нэмэгдүүлэхэд Унгартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа  Монгол Улс илэрхийлж байна” гэж В.Орбан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Миний энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тус дөхөм болно гэж тэрбээр мэдэгдээд, өнгөрсөн жил Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод дахин нээснийг онцлов. Мөн тэрбээр, “бид Монголд буцаж ирсэн. Унгарын хамгийн амжилттай яваа бизнес эрхлэгч 50 компанийн удирдлагууд Монголын компаниудтай хамтран ажиллахаар надтай хамт ирсэн” гэж мэдэгджээ. Хоёр талын хэлэлцээр, тухайлбал, Монголын био-үйлдвэрийг шинэчлэх ажлыг санхүүжүүлэх зорилгоор Унгарын “Экзим” банкны 25 сая долларын зээлийн шугамыг нээх тухай хэлэлцээр, гэрээнүүдийг данслах протокол, “Экзим” банк болон Монголын Хөгжлийн банк хооронд хамтын ажиллагаа бий болгох баримтыг Унгарын Ерөнхий сайд сайшаасан байна.

Мягмар гарагт Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, УИХ-ын зарим гишүүнтэй уулзана. Унгарын Засгийн газар Монголыг тус бүс нутаг дахь гол түншээ хэмээн үздэг гэж Унгарын Эдийн засгийн яам мэдэгдсэн тухай Монголд айлчилж байгаа Унгарын төлөөлөгчидтэй холбоотой байгаа “MTI” агентлаг мэдээлжээ. Хүнсний үйлдвэр, хөдөө аж ахуй, инженерчлэл болон тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, хот байгуулалт, ус, хог хаягдлын менежмент, барилга, хувилбарт эрчим хүч, байгаль орчныг хамгаалах салбарт хоёр улс нягт хамтран ажиллах боломжтой гэж яам мэдэгдэлдээ дурджээ.

Д.Нямтулга

 

関連ニュース