Хэнтий аймгийн Хөхөгчин хонин жилийн 9 алдартан тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 11:31:25

Хэнтий аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл “Хэнтийн мэдээ” сониноос санаачлан анх удаа сонины уншигчид болон ард нийтийн санал асуулгаар Хөхөгчин хонин жилийн Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-ыг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Нийгмийн сайн сайхны төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн жилд ажил үйлс, амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг хүмүүсийг алдаршуулах, ажил үйлсэд нь урам зориг нэмэх  зорилготой энэхүү үйл ажиллагаанд нийт 19 салбарын 74 хүн нэр дэвшжээ. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн Хэнтий аймгаас гадна Архангүй, Орхон, Говь-Алтай, Дорнод, Дундговь зэрэг 10-аад аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд сонгуулийн хуультай холбогдуулан хууль эрхзүйн байдлаас шалтгаалж, улс төрийн салбарт нэр дэвшигчдийг бүх аймаг жагсаалтаас хассан байна.

“Оны онцлох алдартан”-аар Хэнтий аймаг дахь ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо шалгарсан бол “Оны алдартан”-аар Монгол Улсын Арслан Э.Оюунболд, Баян-Адрага сумын “Идэр Онон” ХХК-ийн захирал М.Оюунжаргал, Хэнтий аймгийн НЭ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Н.Ариунаа, “Боржигон нутаг” ХХК-ийн захирал Ж.Сэргэлэнбаатар, Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургуулийн химийн багш Д.Мөнхдалай, Хэнтий аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Буянхишиг, Хэнтий аймгийн Өндөрхаан хот тохижилтын газар ОНТҮГ-ын жолооч, гагнуурчин Б.Батбаяр, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дах хөтөлбөрийн Зүүн бүсийн салбарын зохицуулагч Б.Ганхуяг нар тодорлоо.

Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-д нэр дэвшигчдийг таван үзүүлэлтээр авсан саналын тоог хувиар тооцоолон бодож, нэгдсэн дүнг гаргажээ.  Тухайлбал “Хэнтийн мэдээ” сонины уншигчдын санал-40%, Хэнтий аймгийн салбар салбарын төлөөлөл 50 эрхэмийн санал-30%, Тусгай дугаарт утас, мессежээр авсан санал-20%,Эх орон 21.мн сайтын санал-10%-ийг тус тус бүрдүүлсэн байна.

 Шалгаруулах үйл  ажиллагаанд нийгэмд нэр хүндтэй салбар салбарын төлөөлөл болсон 50 эрхэм оролцож саналаа өгснөөс гадна “Хэнтийн мэдээ” сонины байнгын захиалагч 1200 гаруй хүний хоёрын нэг нь оролцож саналаа дугуйлан сонины хавсралтаа ирүүлсэн аж. Мөн эхорон21.мн сайтаар нийт давхардсан тоогоор 11347 хүн цахим хэлбэрээр санал өгч, мөн тусгай дугаарт утас мессежээр нийт 8250 хүн саналаа өгчээ.

Хэнтий аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөж буй салбар салбартаа манлайлагч, хөдөлмөрч бүтээлч, баялагт бүтээгч олон хүмүүс бий. Тэдний төлөөлөл болсон хүмүүсээс хөхөгчин хонин жилийн Хэнтий аймгийн “Оны 9 алдартан” тодорсон гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо.

  О.Буянхишиг

関連ニュース