Тяньжины химийн үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-15 15:26:23

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн оны наймдугаар сард Хятадын Тяньжин хотын химийн аюултай бодис хадгалдаг агуулахад хүчтэй дэлбэрэлт болсны дараа тус хотын эрх баригчид химийн 10 үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

Тяньжин хотод химийн аюултай бодис хадгалдаг агуулахад 2015 оны наймдугаар сарын 12-нд хоёр хүчтэй дэлбэрэлт болсон билээ.

Тус хотод химийн 583 компанид шалгалт хийхэд 85 нь аюулгүй байдлын журмыг зөрчсөн байсныг хотын эрх баригчид илрүүлсэн гэж Шинэ Бинхай дүүргийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах товчооны тэргүүн Шань Юйхоу хэлжээ. Үүнээс есөн үйлдвэр нь зөрчлөө арилгасан бол 10 нь байрлалаа солих шийдвэрийг зөвшөөрсөн байна.

2015 оны наймдугаар сард болсон хэргийн дараа хотын эрх баригчид дэлбэрэлт болсон газраас 30 орчим км зайтай газар оршдог аж үйлдвэрийн Наньган бүсийн химийн үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Тяньжины дэлбэрэлтийн дараа шинээр үйлдвэрүүд барихыг хориглосон тухай мэдээлж байна.

Албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан, химийн аюултай бодис хадгалах журмыг зөрчсөн нь  тээвэр зуучийн “Ruihai Logistics” компанийн химийн аюултай бодисын агуулахад болсон хүчтэй дэлбэрэлтийн шалтгаан болсныг мөрдөн шалгах комисс тогтоожээ.

Тус комиссын тайланд дурдсанаар, дэлбэрэлтийн улмаас 798 хүн гэмтэж бэртэж, 165 хүн амиа алдсан бол сураггүй алга болсонд тооцогдож байгаа 8 хүний цогцос одоог болтол олдоогүй байна. Дэлбэрэлтээс учирсан эдийн засгийн шууд хохирол 6.86 тэрбум юань буюу 1.1 тэрбум доллар болжээ.

Д.Жаргал

 

関連ニュース