Иргэдийн хадгаламжийн хэмжээ буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн статистикийн хэлтсээс 2016 оны 1-р сарын нийгэм эдийн засгийн байдлыг танилцууллаа. 1-р сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,2 хувиар өссөн, иргэдийн хадгаламжийн үлдэгдэл буурч байгаа зэрэг сонирхолтой мэдээллүүдийг өнөөдөр танилцууллаа.
Аймгийн ЭМГ-аас гаргадаг мэдээгээр 1-р сард 120 хүүхэд шинээр мэндэлж, 25 хүн нас барсан. өмнөх оны мөн үеийнхээс 2 хувиар өсчээ. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 1218 иргэн байгаа нь өнгөрөгч оны сарын эцсээс 440 хүнээр өссөн байх юм. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 1-р сард 76 болж өмнөх оны мөн үеийнхээс 26 хүнээр буурсан. Ийнхүү буурахад вируст гепатит, салхин цэцэг, тэмбүү зэрэг өвчилөл буурсантай холбоотой. Аймгийн хэмжээнд 1 сарын байдлаар 18 гэмт хэрэг бүртгэгдэж, 4 хүн гэмт хэргийн улмаас нас барж, 12 хүн бэртэж гэмтсэн байна.
Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 95,7 тэрбум төгрөгт хүрсэн бол, чанаргүй зээл буюу хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 1,5 тэрбум болж эхний сараас 0,4 тэрбум төгрөгөөр өссөн байх юм. Аймгийн төсвийн нийт орлого эхний 1-р сард 3,6 тэрбум төгрөг болсон өмнөх оноос 15,2 хувиар буурсан үзүүлэлтэй байна.
Иргэдийн банкин дахь хадагаламжийн хэмжээ 2011 оноос хойш эрс өссөн 2011 онд 16 тэрбум, 2012 онд 25 тэрбум, 2013 онд 35 тэрбумд хүрч байсан. Тэгвэл сүүлийн 2 жилд иргэдийн банкинд хадгалуулсан хадгаламжийн хэмжээ буурсан бөгөөд 2015 онд 31,6 тэрбум болжээ.
Т. Одончимэг