МСҮТ-ийг төгсөгчдөд 2 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 10:45:33

2014 оноос хойш МСҮТ-ийг төгссөн 25 хүртэлх насны хүн бүр буцалтгүй тусламжийн төсөлд хамрагдах боломжтой. Нэг хүнд 2 сая төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр олгох бөгөөд 2 юмуу 3-аараа нийлж бүлэг болон хүн тус бүрдээ 2 сая төгрөг авч хөдөлмөр эрхлэх боломж той юм. 

Уг санхүүгийн дэмжлэгийг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад зориулах ёстой юм. Хөдөлмөрийн яамнаас аймгуудын хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь урьд жилүүдэд хэрэгжиж байсан ч Сүхбаатар аймагт үр дүнтэй хэрэгжээгүй гэдгийг мэргэжилтэн М.Хүрэлтогоо хэллээ.

Сүхбаатар аймгийн МСҮТ-ийг энэ оны 1 сарын байдлаар 227 хүүхэд төгсөөд байгаа. Эдгээр хүүхдүүдийн хувьд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажилтай болох сайхан боломжийг ийнхүү төрөөс олгож байгаа юм. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь сумдын төгсөгчдөд илүү үр дүнтэй байж болох юм. Учир нь сумандаа 2,3-аараа нийлээд үсчин гоо сайхны газар болон бусад үйлчилгээний газар нээлээ гэхэд аймгийн төвийг бодвол өрсөлдөөн бага, үйлчлүүлэгч ч олон байх давуу талтай.

Одоогоор төгсөгчдийн бүртгэл хийгдэж байна. Гурван сараас төсөл зарлагдана.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 7 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжиж байгаагийн нэг бол залуучуудын хөөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.

Т. Одончимэг

 

 

 

関連ニュース