Соёл, урлагийн мэргэжилтнүүдийг аймагтаа бэлтгэдэг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймаг 21 аймгаас анх удаа ирэх хичээлийн жилээс эхлэн МСҮТ-д урлагийн анги шинээр нээхээр болжээ. Эхний удаад бүжиг, ардын хөгжмийн анги нээгдэх юм байна. Ингэснээр соёл урлагийн салбарын зарим хүмүүсийг орон нутагтаа бэлдэж Жаахан шарга хөгжмит драмын театрын уран бүтээлчийн нөхөн хангалтын нөөцийг бий болгох, сумдын соёлын төвийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах гээд олон давуу тал бий.
Үүнтэй холбоотойгоор Жаахан шарга театр, МСҮТ, бүсийн аргазүйн төв хамтран урлагийн ангид багшлах багш нарт зориулсан Багшлах эрхийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд театрын 9 есөн уран бүтээлч хамрагдаж байна. Анги тус бүрд 2 багш бэлтгэгдлэж байгаагийн нэг нь онол, нөгөө нь дадлагын хичээлийг удирдах юм.
Аймгийн ЖШ театрын хувьд одоо ажиллаж байгаа уран бүтээлчдийн 80 гаруй хувь нь мэргэжлийнх. Гэвч уран бүтээлчийн нөөц нөхөн хангалт гэдэг зүйл бараг байдаггүй гэнэ. Харин энэхүү Энэ ажил амжилттай хэрэгжсэнээр урлаг уран бүтээлчдийн нөөц бий болж, мэргэжлийн боловсон хүчин сайжрах, нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх, дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулах төдийгүй, эдгээр багшлах эрх авсан уран бүтээлчид цагийн багш хийснээр өөр орлогын эх үүсвэр бий болох боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Урлагийн ангийн бүртгэл ирэх хавар 5 сараас хийгдэнэ. Насны хувьд МСҮТ-ийн элсэлтийн настай адилхан байна. Суралцагчидын хувьд 2,5 жилийн хугацаатай суралцаад дипломын боловсролтой төгсөнө.
Т. Одончимэг