ЗХУ 1984 оны Лос-Анжелесын олимпт оролцохоос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-26 14:07:58

ВАШИНГТОН. /history/. Эсэргүүцэл болон бие махбодийн халдлагад өртөж болзошгүй тул тамирчдынхаа аюулгүй байдлын үүднээс 1984 оны Лос-Анжелесын олимпт оролцохгүй гэж ЗХУ мэдэгдсэн байна. Гэвч ЗХУ мэдэгдэлдээ, 1980 оны Москвагийн олимпт АНУ оролцохгүйн хариуд бид ийм шийдвэрт хүрсэн гэж дурджээ.

Лос-Анжелес хотод зохион байгуулагдсан 1984 оны олимпын наадам эхлэхээс хэдхэн сарын өмнө хийсэн мэдэгдэлдээ ЗХУ, “АНУ-ын Засгийн газар олимпын наадмыг улс төрийн зорилгоор ашиглах замыг эрэлхийлж байгаа нь бэлтгэл эхэлсэн цагаас л харагдсан. Дээрэнгүй үзэл, ЗХУ-ын эсрэг хийрхэл АНУ даяар тархаж байна. Лос-Анжелесын наадмын үеэр ЗХУ-ын тамирчдыг эсэргүүцсэн ажиллагаа гарах төлөвтэй байгаа бөгөөд үүнийг АНУ-ын албаны хүмүүс дарах эсэхэд тамирчид эргэлзэж байна” гэжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганий Засгийн газар ЗХУ-ын мэдэгдэлд хариу өгч, “ЗХУ олимпын наадам оролцохоос татгалзсан нь цэвэр улс төрийн шийдвэр бөгөөд үүнд ямар ч бодит үндэслэл байхгүй гэж мэдэгдсэн байна.

ЗХУ ийм мэдэгдэл хийсний дараа коммунист бусад 13 орон ЗХУ-ынхтай төстэй мэдэгдэл хийж, олимпын наадамд оролцохоос татгалзжээ. 1979 онд Орос Афганистаны асуудалд хөндлөнгөөс оролцсоны улмаас 1980 онд Москвад болсон олимпт АНУ оролцохоос татгалзсан байна. Олимпт оролцохоос татгалзсан нь дипломат ажиллагааны хувьд нөлөөгүй боловч наадмын хувьд нэлээд их нөлөөтэй байсан юм.

ЗХУ, Зүүн Герман болон коммунист орны тамирчид оролцоогүй 1984 оны Лос-Анжелесын олимпт АНУ дээд амжилт тогтоож, 83 алтан медаль хүртжээ.

Д.Нямтулга

 

関連ニュース