10 нэр төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, 480 гаруй сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-09 20:19:47

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд малд зонхилон тохиолддог 10 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, 1120.0 мянган толгой малыг угаалга, вакцинд хамруулжээ. Энэ ажилд орон нутгийн төсвөөс 488.0 сая төгрөгийг үйлчилгээний хөлсөнд олгосон байна.

Өнгөрсөн онд мал, амьтны халдварт өвчнөөр галзуу, цусан халдварт, ДХХ, колибактериоз, боом зэрэг 5 өвчнөөр 55 голомтонд 147 мал өвчилснөөс 124 нь үхэж, 33 нь эдгэрсэн байна. Паразит өвчнөөр эргүү, хүрд, туузан хорхой, ширх зэрэг 4 төрлийн өвчнөөр 231 голомтонд 4720 мал өвчилж 64 нь үхэж, 4656 эдгэрчээ.

Мөн паразит өвчнөөс сэргийлэх угаалгад 2110.2 мянган толгой мал, үүнээс 1732.1 мянган толгой бог, 378.1 мянган толгой бод туулгалтанд хамрагдсан бол бруцеллёзын вакцинжуулалтад 964.3 мянган толгой хурга ишиг, 94.2 мянган толгой тугалыг хамруулахаас 846.8 мянган толгой малыг хамруулжээ.

Мал сүргийг халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлж 314,9 мянган м² өвөлжөө, 125.7 мянган м² намаржаа, 127.8 мянган м² худаг уст цэг, 7.0 мянган м² тэжээлийн агуулах, 2.0 мянган тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гээд аймгийн хэмжээнд нийт 577.4 мянган м² талбайг Hi cop, креолиний уусмалаар зааврын дагуу хийж гүйцэтгэжээ. 

関連ニュース