Зуны цэцэрлэгт 210 хүүхэд хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд харах хүнгүй төрийн албан хаагч болон улирлын чанартай ажил эрхэлдэг эцэг эхчүүдийн хэрэгцээнд нийцүүлэн Улаангом сумын 5, 8-р цэцэрлэгт түшиглэн Зуны цэцэрлэгийг энэ сарын 3-наас ирэх сарын 5-ныг хүртэл ажиллуулж эхлээд байна.
Улаангом сумын 3-р багт байрлах 5-р цэцэрлэгт 2-5 насны дөрвөн бүлэгт 120 хүүхэд, 8-р цэцэрлэгийн 3 бүлэгт 90 хүүхэд, нийтдээ тус хоёр цэцэрлэгт 210 хүүхэд хамрагдаж байна. Улаангом сумын 8-р
цэцэрлэгийн хувьд аймгийн наадмын
талбайн дэргэд гэр барьж сургалт
хүмүүжлийн ажлаа явуулж байгаа бол 5-р цэцэрлэгийнхэн
байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Зуны цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт
бага насны хүүхдийг нар, ус, агаараар чийрэгжүүлэх, сүү цагаан идээгээр
хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн, тоглоомоор эрүүлжүүлэх
гэх мэтээр
хүүхэд нэг сарын турш өдрийг ая тухтай, хөгжилтэй,
зугаатай өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ хичээлийн жилд Увс аймгийн хэмжээнд 5192
хүүхэд цэцэрлэгт хамрагдсан байна. Үүнээс Улаангомын 15 цэцэрлэгт 2711 хүүхэд
хамрагджээ. Зуны цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг харъяа тойрог хамаарахгүйгээр бүртгэж
авсан байна.
“Манай цэцэрлэгийн зуны сургалтад 120 хүүхэд хамрагдаж
байна. Зуны сургалтаар хүүхдүүдийг нар, ус, агаараар чийрэгжүүлж, сүү цагаан
идээгээр хооллон, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлж, нэг сарыг хөгжилтэй,
зугаатай өнгөрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэ хичээлийн жилд манай цэцэрлэгт 286 хүүхэд суралцсан
бөгөөд үүнээс таван настай хоёр бэлтгэл анги төгссөн. Бидний хувьд энэ
хичээлийн жил амжилт арвин байлаа. Тухайлбал, “Уран шувууны үүр” арга зүй маань
улсад 4-р байр эзэлсэн, аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” 1-р
зэргийн гэрчилгээ хүртсэн, өнгөрсөн оны ажлаараа аймагт тэргүүлж, шилдэг
аргазүйтэй цэцэрлэг болсон, “Авьяас” уралдаанд бэлтгэл бүлгийн бүжгийн
хамтлаг маань тэргүүн байр эзэлсэн, “Цодгор хүү” уралдаанаас хүүхдүүд
маань алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн зэрэг амжилтыг энэ хичээлийн жилд гаргалаа" хэмээн Улаангом сумын 5-р
цэцэрлэгийн эрхлэгч Ц.Пагма хэллээ.