"Хонгорын ирээдүй 2020" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Баянхонгор сумын хорооноос “Хонгорын
ирээдүй 2020” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Тус хөтөлбөр нь хойч ирээдүй
болсон хүүхэд залуучуудын суурь боловсролд анхаарч, чадварлаг боловсон хүчин
бэлтгэх зорилготой урт хугацааны хөтөлбөр юм байна.
Баянхонгор сумын 12 дугаар ангийг 2019 онд төгсөж байгаа суралцагчдын дунд
зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөр нь ЭЕШ-д 600-аас дээш оноо авсан, эзэмшсэн
мэргэжлээрээ сум орон нутагтаа ажиллаж, хөдөлмөрлөх сонирхолтой хүүхэд залуусын дунд нээлттэй. Мөн
их дээд сургуульд элсэн суралцагч нь бага ангийн багшийн мэргэжлээр суралцах
бол давуу тал болох төдийгүй өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх зэрэг
шалгууртай аж.
Тэтгэлэг горилогчийн материалыг долоодугаар сарын 10-24-ний хооронд Баянхонгор
аймгийн Ардчилсан намын байранд хүлээн авч шалгаруулалт хийснээр тэнцсэн 20
суралцагчийг наймдугаар сарын 5-ны өдөр зарлах юм байна.