Дарфурын улс төрийн бүтцийн талаарх санал асуулга Суданд эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-11 14:22:00

ДАРФУР/МОСКВА. /RIA Novosti/. Суданы нутгийн баруун хэсэгт оршдог 7.5 сая хүн амтай Дарфур бүс нутгийн захиргааны бүтцийн талаарх бүх нийтийн санал асуулга даваа гарагт буюу өнөөдөр эхэлж байна. Бүс нутгийн оршин суугчид одоо байгаа таван мужийг хэвээр үлдээх эсвэл нэгтгэх эсэхийг шийдэх юм.

Суданы эрх баригчид олон нийтийн дунд ийм санал асуулга явуулснаар 300 мянган хүний аминд хүрсэн олон жилийн даамжирсан мөргөлдөөний дараа бүс нутгийн байдлыг тогтворжуулж, энх тайван тогтооно гэж үзэж байгаа аж.  Гэвч тухайн үедээ Суданд олон улсын хориг арга хэмжээ авахыг санаачилж байсан АНУ бүх нийтийн санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.

Дарфурын мөргөлдөөн үүссэн гол шалтгаан нь нүүдэлчин араб омгууд болон африк тариаланчид хоорондын газрын төлөөх тэмцэл юм. Цөлийг газар тариаланд ашиглаж эхэлсэн нь арабуудыг өмнөд рүү цагаачлахад хүргэж, улмаар цуст мөргөлдөөн дэгдсэн байна. Мөргөлдөөний оргил үе нь 2003 онд буюу Өмнөд Дарфурт нефтийн их хэмжээний нөөц илрэх үед эхэлжээ. Сөргөлдөөнд оролцогч талууд нефтийн орлогоос хүртэх эрхтэй гэж шаардах болжээ. 

НҮБ-ын мэдээлснээр, мөргөлдөөний улмаас 300 мянга орчим хүн амиа алджээ. Энэ нь Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширыг хүмүүсийг хоморголон устгасан хэргээр 2008 онд Олон улсын эрүүгийн шүүхэд өгөх шалтгаан болжээ. Одоогийн байдлаар Дарфурт 14 мянган цэргээс гадна НҮБ болон Африкийн Холбооны Дарфур дахь хамтарсан багийн 4700 цагдааг байрлуулсан байна.

Бүх нийтийн санал асуулга явуулахын өмнө Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир Хойд, Баруун, Өмнөд, Зүүн болон Баруун Дарфур гэсэн тус бүс нутгийн бүх таван мужид очжээ. Мужуудын нийслэлүүдэд хэдэн арван мянган хүн оролцсон цуглаан зохион байгуулсан байна.

Бүх нийтийн санал асуулгад ажиглагчдаа илгээхийг Суданы эрх баригчид ОХУ зэрэг бусад олон орны болон олон улсын байгууллагуудаас хүсчээ. Гэвч АНУ уг санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна.

“Дарфурын статусын талаарх бүх нийтийн санал асуулгыг хэрэв одоо хэрэгжиж буй дүрэм журмын дагуу явуулбал Дарфурын ард түмний хүсэл зорилгыг илэрхийлж чадахгүй” гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ. Түүгээр барахгүй энэ нь одоогийн энхийн үйл явцыг тасалдуулж байна гэж тэрбээр дүгнэсэн байна.

Бүх нийтийн санал асуулгад Суданы салан тусгаарлагч үзэлт зарим нөлөө бүхий бүлэглэлүүд оролцохоос татгалзжээ.

Дарфурын засаг захиргааны хуваарилалтын талаарх бүх нийтийн санал асуулга дөрөвдүгээр сарын 13 хүртэл үргэлжлэх бөгөөд дүнг нь энэ сард багтаан танилцуулах аж.

Д.Жаргал

 

関連ニュース