Сенатч Тед Круз Колорадод бүх төлөөлөгчийн дэмжлэгийг авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас /БНН/ нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж байгаа Техас муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Тед Круз Колорадо муж улсын 34 төлөөлөгчийн дэмжлэгийг авч чадсан тухай телевизийн “Fox News” суваг мэдээлжээ.
Тэрбээр бүгд найрамдахчуудын намын их хуралд Колорадо муж улсаас илгээх төлөөлөгчдийн санал асуулгын дүнг танилцуулсан байна. Долдугаар сарын 18-21-нд Огайо муж улсын Кливленд хотод болох намын их хурлаар 11 дүгээр сарын 8-нд явуулах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас албан ёсоор нэр дэвшигчийг сонгох юм.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон сунгаанд Тед Круз Колорадод 21 төлөөлөгчийн дэмжлэгийг авч чадсан бол бямба гарагт дахин 13 дэмжлэг авч чаджээ.
“The New York Times” сонинд бичсэнээр, одоогийн байдлаар нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаанд тэргүүлж буй Дональд Трампыг намын их хуралд оролцох 743 төлөөлөгч дэмжихэд бэлэн байгаа бол Крузыг 520 нь, Огайо мужийн захирагч Жон Кейсикийг 143 төлөөлөгч дэмжихэд бэлэн байна.
Дөрөвдүгээр сарын 19-нд Нью-Йорк муж улсад болох сунгаа нь ерөнхийлөгчийн сунгааны маш чухал үе шат байх болно. Энэ сунгаанд нэр дэвшигчид БНН-ын 95 төлөөлөгчийн саналыг авахын төлөө өрсөлдөнө.
Д.Жаргал