“G7”-гийн ГХ-ийн сайд нар “Хирошимагийн тунхаг”-ийг баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /Kyodo/. “G7” буюу “Их 7”-гийн бүлгийн Гадаад хэргийн /ГХ/ сайд нарын Японы Хирошима хотод болсон хоёр өдрийн уулзалтын үеэр илүү аюулгүй ертөнцийг бий болгон, хүн төрөлхтнийг үй олноор нь устгах зэвсгээс ангижруулах зорилготой байгаагаа мэдэгдэн, “Хирошимагийн тунхаг бичиг”-ийг баталлаа.
“Дэлхийн нэг ч улс цөмийн зэвсэг турших ёсгүй бөгөөд Цөмийн туршилтыг хориглох тухай цогц гэрээг нэн даруй хүчин төгөлдөр хэрэгжүүлэхийн тулд бүх улс орон хойшлуулалгүйгээр, ямар нэгэн нөхцөл болзол тавилгүйгээр гэрээнд гарын үсэг зурж, батлах ёстой” гэж уг тунхагт дурджээ.
Хирошимагийн уулзалтад оролцогчид цөмийн зэвсэг эсвэл бусад цөмийн тэсрэх төхөөрөмжид ашиглах зорилгоор задардаг материалуудыг үйлдвэрлэхийг хориглох гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээг нэн даруй эхлүүлэхийг эн тэргүүний зорилтоо болгосон байна.
“Их 7”-гийн бүлгийн ГХ-ийн сайд нар Ираны цөмийн асуудлыг шийдсэнийг сайшаагаад, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд экспортод тавих олон улсын хяналтыг чангатгахыг уриалжээ.
Хирошимад болсон уулзалтад Японы ГХ-ийн сайд Фумио Кишида, Германы ГХ-ийн сайд Франк-Вальтер Штайнмайер, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Их Британийн ГХ-ийн сайд Филип Хаммонд, Италийн ГХ-ийн сайд Паоло Жентилони, Францын ГХ-ийн сайд Жан-Марк Эйро болон Канадын ГХ-ийн сайд Стефан Дион оролцжээ.
Японы Хирошима хотод болсон “Их 7”-гийн бүлгийн ГХ-ийн сайд нарын уулзалт нь Миэ мужийн Исэ-Сима хотод болох тус бүлгийн дээд хэмжээний уулзалтын өмнө болж байгаа юм. Дээд хэмжээний уулзалтыг тавдугаар сарын сүүлээр явуулахаар товложээ.
Д.Жаргал