В.Гройсман Ерөнхий сайдын суудлаас татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-12 09:52:58

КИЕВ. /TASS/. Украины парламентын дарга Владимир Гройсман Ерөнхий сайдын суудлаас татгалзсан гэж “Петр Порошенко” эвслийн хууль тогтоогч Мустафа Найем мэдэгджээ.

“Парламентын дарга В.Гройсманы хувьд Ерөнхийлөгч П.Порошенко, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч А.Яценюк нартай хэлэлцээ хийснийхээ дараа Ерөнхий сайдын суудлаас татгалзсан. Тэд сайд нарыг томилох асуудлаар санал зөрөлдсөн” гэж Мустафа Найем фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

“Петр Порошенко” эвсэл, Ардын фронт намын фракцууд болон Ерөнхий сайдад нэр дэвшигч В.Гройсман нар Засгийн газрыг бүрдүүлэх асуудлыг хэлэлцсэн боловч нэгдмэл байр суурьд хүрч чадаагүй. Хэлэлцээ өглөө үргэлжилнэ гэж “Петр Порошенко” эвслээс парламентад суугаа хууль тогтоогч А.Гончаренко өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Украины Ерөнхий сайд А.Яценюк суудлаасаа огцорч байгаагаа даваа гарагт мэдэгдсэн бөгөөд тэрбээр огцрох өргөдлөө парламентад өргөн барьжээ. Яценюк огцорсноор Украины парламентад шинэ эвсэл байгуулж, шинэ Засгийн газар бүрдүүлэх боломжтой болж байна.

Тэрбээр огцрох тухай мэдэгдэлдээ, Ерөнхийлөгч Порошенко ямар ч Ерөнхий сайдтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн хэдий ч парламентын дарга Гройсманыг илүүд үзэж байна. Харин Гройсманы хувьд Ерөнхий сайдаар томилогдохын тулд парламентад наад зах нь 226 гишүүн санал авсан байх ёстой.

Д.Нямтулга

 

関連ニュース