Бразилын парламентын доод танхимын шийдвэрийг шударга бус гэлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф өөрийг нь хариуцлагад татах асуудлаар гаргасан тус улсын парламентын доод танхимын шийдвэрийг шударга бус гэж мэдэгджээ. Тэрбээр ийм мэдэгдлийг сэтгүүлчдэд хандан үг хэлэхдээ хийсэн байна.
“Надад шударга бус хандсан гэж би үзэж байна” гэж тэрбээр хэлжээ. “Намайг буруутгаж байгаа энэ бүх үйлдлийг өмнөх ерөнхийлөгч нар хийж байсан бөгөөд хэзээ ч хууль бус эсвэл гэмт хэрэг гэж тооцдоггүй байсан. Тийм учраас өмнөх ерөнхийлөгч нартай харьцуулахад надтай өөрөөр харьцаж байгаад би зэвүүцэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Төрийн данс тооцооны бодит байдлыг нуун дарагдуулж санхүүгийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан нь асар их хэмжээний төсвийн алдагдалд хүргэсэн, мөн зарим төслүүдэд парламентын зөвшөөрөлгүйгээр санхүүжилт олгосон гэх үндэслэлээр Руссефийг хариуцлагад татах тухай асуудал хөндөгдсөн юм. “Намайг улсын хөрөнгийг завшсан хэрэгт буруутгаагүй. Надад гадаадад данс байхгүй. Чухам ийм учраас би энэ бүхнийг шударга бус гэж үзэж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Бразилын Ерөнхийлөгчийг хариуцлагад татаж, албан тушаалаас нь огцруулах асуудлаар тус улсын парламентын доод танхим ням гарагийн орой санал хураасан юм. Руссеффийг хариуцлагад татахыг 367 депутат дэмжжээ.
Одоо түүнийг төрийн тэргүүний албан тушаалаас огцруулах асуудлыг парламентын дээд танхим буюу Сенатын танхимаар хэлэлцүүлнэ. Хэрэв Сенатын танхимын гишүүдийн 50-аас дээш хувь нь Руссеффт хариуцлага тооцохыг дэмжсэн тохиолдолд тэрбээр 180 хоногийн хугацаанд буюу парламентын гишүүд түүний хэргийг хэлэлцэх явцад албан тушаалаа орхих ёстой. Энэ хугацаанд улс орныг тус улсын дэд ерөнхийлөгч Мишел Темер удирдах юм.
Хэрэв Сенатын гишүүд Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлт гаргагчдын гаргасан баримтуудыг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд Руссефф төрийн тэргүүний үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Харин эсрэг тохиолдолд Темер 2018 онд болох ерөнхийлөгчийн сонгууль хүртэл төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх юм.
Д.Жаргал