Японы "Mitsubishi" компани буруугаа хүлээн зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч "Mitsubishi Motor" компани 600 мянга гаруй автомашины түлш зарцуулалтын талаарх мэдээллийг хуурамч байдлаар оруулснаа хүлээн зөвшөөрчээ.
Японы 6 дахь том автомашин үйлдвэрлэгч болох тус компанийн үйлдвэрлэсэн 157 мянган автомашин болон "Nissan"-д нийлүүлсэн 468 мянган ширхэг автомашины түлш зарцуулалтын статистик мэдээллийг ажилтнууд нь хуурамчаар үйлдсэн болохыг Мицүбиши-гийн цахим хуудсанд дурдсан байна.
Эдгээр автомашин нь Японд борлогдсон хэдий ч компанийн зүгээс гадаад улсуудад зарах гэж буй загваруудыг ч мөн шалгахаа мэдэгджээ.
"Mitsubishi" түлш зарцуулалтыг бодит түлш зарцуулалтын хувиас бага гаргахын тулд буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч хэрэглэгчдээсээ уучлалт хүссэн байна. Энэхүү буруу тест хийгдсэн загваруудыг худалдах болон үйлдвэрлэхийг зогсоожээ. Түүний зэрэгцээ явсан замын уртыг ихэсгэж үзүүлэхийн тулд дугуйны даралтын үзүүлэлтийг ч мөн адил хуурамчаар гаргасан байна.
Эдгээр хуурамч үйлдлийн улмаас тус компанийн ханш 16 хувиар буураад байгаа аж.
Өнгөрсөн жил АНУ болон бусад улсад борлуулж байсан автомашинуудынхаа ялгаруулдлаг хийн хэмжээг хуурамчаар тодорхойлсон Германы автомашин үйлдвэрлэгч "Volkswagen"-ны дуулианы дараа Мицүбиши-тэй холбоотой дээрх асуудал үүслээ.
Х.Сарнай