“Чулуут тул 2030” төслийг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат суманд 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн “Чулуут тул 2030” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Тариат сумын Алтаад багийн нутагт орших Алтаад голын Борын хоолой хэмээх газарт зориудын аргаар загас үржүүлэх 8х6 хэмжээтэй лабораторийг барьжээ.
Лабораторийг 1.8 тн багтаамжтай 2 бассейн, Хулдын овгийн загасны түрс өсгөвөрлөх 4 инкубаци, эх сүрэг байршуулах 3 бассейн, 100-1000 дахин өсгөх хүчин чадалтай гэрлийн микроскоп, лабораторийн жин зэрэг загас үржлийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон байна. Үржүүлгийн үр дүнд бие даан амьдрах чадвартай, биеийн урт нь 2-2.5 см хүртэлх хадрангийн 24563 ширхэг, 2.5-3 см урт зэвэгний жараахай 197854 ширхэгийг тус тус үржүүлэн голд тавьсан байна.
Лабораторид “Монголын агнуурын загас холбоо” ТББ-ын загас судлаач Б.Мөнхзориг, загас судлаач Э.Молор-Эрдэнэ
болон ХААИС-ийн загас үржүүлэг технологийн ангийн оюутнууд ажилладаг байна.
Энэхүү төсөл 2019-2030 он хүртэл үргэлжилнэ.
Төслийн багийнхнаас Чулуут
голын өнөөгийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр сайжруулах, ирээдүйд учирч болох
сөрөг нөлөөлөл, устах аюулаас ховор загас тулыг аварч хамгаалах, түүний идэш,
тэжээл болох хадран, зэвэг, жараахайн загасуудыг зориудын аргаар өсгөн үржүүлж,
сэргээн нутагшуулах зорилгоор “Чулуут тул 2030” төслийг ийнхүү санаачлан
хэрэгжүүлж байна.