Дэлхийн аялал жуулчлалын салбарын орлого 500 тэрбум ам.доллароор буурч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МАДРИД. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас дэлхийн аялал жуулчлалын салбарын орлого энэ жил 500 тэрбум ам.доллароор буурч болзошгүй байна гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили мэдэгджээ.
Түүний хэлснээр, “COVID-19” цар тахлаас үүдэлтэй хямрал нь "тогтмол өсөж байсан дэлхийн жуулчдын тоог" гэнэт бууруулж, зогсонги байдалд хүргэжээ. Хэрэв 2019 онд жуулчдын тоо 1.5 тэрбумд хүрч байсан бол 2020 онд энэ үзүүлэлт 30 хувиар буурч магадгүй байна. “Энэ нь аялал жуулчлалын орлого 500 тэрбум ам.доллароор бууруулж, олон сая хүн ажлын байраа алдаж болзошгүй” гэж Пололикашвили цохон тэмдэглэв.
“Хэрэв улс орнуудын Засгийн газар аялал жуулчлалын салбарт ажлын байрыг хамгаалах чиглэлээр тууштай, шийдэмгий арга хэмжээ авч, манай салбарын эдийн засгийг сэргээхэд тэргүүлэх ач холбогдол өгвөл хямралын үр дагаврыг багасгах боломжтой. Бидний хийсэн судалгаагаар цар тахал эхэлснээс хойш улс орнуудын 96 хувь нь аялал жуулчлалын салбарт бүрэн эсвэл хэсэгчилсэн хязгаарлалт тавьжээ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Үүний зэрэгцээ бид цар тахал жижиг бизнест хохирол үзүүлж буйг хүлээн зөвшөөрөх ёстой. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын 80 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг” гэж Пололикашвили мэдэгджээ. “Энэ нь хувь хүн болон тэдний гэр бүлийн амьжиргаанд аюул учруулж байна. Аялал жуулчлалын салбар эргээд сэргэхэд туслах нь бидний эдийн засгийн үүрэг юм” гэж тэрбээр цохон хэлжээ.