"SB" телевиз 5 нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 08:42:16

Сүхбаатар аймгийн SB телевиз нь 2011 оны 5-р сарын 5-нд анхны эфирээ цацаж, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ өнгө төрхөөр гарч ирж байсан бол өдгөө 5 нас хүрлээ.

Тус телевиз нь техник технологийн хувьд хамгийн орчин үеийн дуу дүрсний тоон системээр мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээ үзэгчдэд чанарын өндөр түвшинд хүргэдэг чадварлаг уран бүтээлчидтэй, санхүүгийн хувьд бүрэн бэхжсэн, хэвлэл мэдээллийн салбарт аймагтаа тэргүүлэгч суваг болсон юм. Өнгөрсөн онд телевизийн студийг бүрэн тохицуулж, техник хэрэгслээ шинэчлэн HD форматад шилжүүлжээ.

 5 жилийн хугацаанд SB телевизийн уран бүтээлчид аймаг орон нутагтаа болж буй үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг SB NEWS мэдээллийн хөтөлбөрөөр хүргэхээс гадна “Ажлын сайнаар Амьдрал өөдлөнө”, аймагтаа анхдагч гэж хэлж болох урлаг уран сайхны “Миний нутгийн дуунууд”, ажил үйлсээрээ хошуучлан яваа эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх “Сүхбаатарын хүүхнүүд”, иргэдэд эрүүл мэндийн талаар ойлголт олгох зохилгоор бэлтгэдэг “нийгмийн ухамсар ёс зүй”  болон “Сайхан хөрөг”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү” хүүхдийн нэвтрүүлэг, “Бидний бага эх орон”, “Бүгд гэртээ байхад”, “Дошин дээрээ... бай л даа”, “Зоог болох зуур” “Арслантай авдар” зэрэг 20 гаруй нэр төрлийн нэвтрүүлэг, хурдан хүлгийн өлгий нутаг учраас аймаг орон нутагт блж байгаа морины уралдаан бүрийг даган сурвалжилж тайлбартайгаар хүргэж үзэгч олондоо үнэлэгдэж байна. Тус телевизийн нийтлэл нэвтрүүлгийн гол чиглэл бол үндэсний өв соёл, зан заншлаа хадгалсан, түүнийг сурталчилан таниулахад чиглэдэг.

SB телевиз нь ДДЭШ-ийн олон сувгаар орон даяар цацагдахаас гадна, TV 9 телевизийн инфо мэдээ, MNВ, Молор сувгуудад өөрийн бэлтгэсэн мэдээ мэдээлэл болон нэвтрүүлгээ нийлүүлж байна.

Монголын телевизүүдийн холбооны “Алмаз-2011” наадмаас тусгай байр, 2012 онд Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамнаас орон даяар зохион байгуулсан уран бүтээлийн уралдаанд тусгай байр, 2013 онд БШУЯамнаас зарласан “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш” уралдаанаас тусгай байр, 2013 оны МСЭ-ийн орон нутгийн шилдэг сэтгүүлч, аймгийн сэтгүүлчдийн эвлэлийн 2012 оны шилдэг сурвалжлагч 2013 оны аймгийн шилдэг сэтгүүлч, 2015 онд БОНХЯамнаас зохино байгуулсан байгаль орчны сэдэвт улсын уралдаанд 1-р байрыг хүртсэн нь тус хамт олны  ажлын түүхэн амжилт юм.

Цаашид телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг зарчимд нийцүүлэн нийтлэл нэвтрүүлгээ бэлтгэж аймгийнхаа ард түмний эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө мэдээллийн хүчирхэг хэрэгсэл болон ажиллах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Т. Одончимэг

 

関連ニュース