БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын чуулган үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-07 15:56:13

ПХЕНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 7 дугаар чуулган өчигдөр Пхеньян хотод эхэлсэн билээ. Тус улсын удирдагч Ким Жөн Ун чуулганыг нээж үг хэлэхдээ Умард Солонгосын гаргасан гайхалтай амжилтуудыг онцлон тэмдэглэжээ.

Устөрөгчийн бөмбөг бүтээж, хиймэл дагуул хөөргөсөн нь БНАСАУ-ын аюулгүй байдлыг бэхжүүлсэн гэж тэрбээр мэдэгджээ. Тэрбээр цэргийн загвартай хар хүрэмнийхээ оронд албан ёсны хослол өмссөн байсан нь анхны тохиолдол юм.

Хаалттай явагдаж байгаа уг чуулганд Хөдөлмөрийн намын гишүүд, цэргийн албан хаагчид гээд 3600 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бол гадны улс төрийн намуудын төлөөлөгчдийг оролцуулаагүй ажээ. Мөн гадаадын сэтгүүлчдийг чуулганы танхим руу орохыг хориглосон байна.

АНУ, Япон, Испани, Финланд, Франц зэрэг орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд чуулганыг сурвалжлах эрх авсан боловч цөөн хэдэн орон л зөрж өнгөрөх албаны хүмүүсээс ярилцлага авах эрх авчээ. Чуулган өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд энэ үеэр хэлэлцэх хөтөлбөрийг урьдчилан танилцуулаагүй хэдий ч зарим шинжээчид, Умард Солонгосын батлан хамгаалах хүчийг бэхжүүлж, эдийн засгийг хөгжүүлэх тухай төлөөлөгчид хэлэлцэх байх гэж үзсэн байна.

Д.Нямтулга

関連ニュース