Филиппинд бүх нийтийн сонгууль эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-09 11:32:38

МАНИЛА. /ВВС/. Филиппинд бүх нийтийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан тус улсад аюулгүй байдлын чангатгасан арга хэмжээ авч байгаа бөгөөд өнөөдөр сонгуулийн санал хураалт эхэллээ. Мөргөлдөөн, хүчирхийлэл дэгдэж болзошгүй байгаа учраас цагдаагийн 100 мянга гаруй албан хаагч хамгаалалтад гарчээ.

Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөнө. Мөн нэг дэд ерөнхийлөгч, сенатын гишүүд болон 18 мянган төрийн албан тушаалтан, тэдний дотор  хотуудын дарга нарыг сонгоно.

Сонгуулийн кампанит ажлын үеэр томоохон хэмжээний мөргөлдөөн, хүчирхийлэл удаа дараа гарсны улмаас 15 хүн амиа алджээ. Өнгөрсөн бямба гарагт гэхэд хотын даргад нэр дэвшигчийн амийг хороосон байна.

Филиппинд улс төрийн хүчирхийлэл газар авсан бөгөөд сонгуулийн кампанит ажил болох бүрт хэдэн арван хүн амиа алддаг ажээ.

7000 арлаас бүрдэх Филиппинд нийт 54 сая хүн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Филиппинд тулгамдсан гол асуудлууд бол эдийн засгийн хүндрэл, гэмт хэрэг, авлига, ядуурал болон Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-тай үүсгэсэн газар нутгийн маргаан юм.

Д.Нямтулга

 

 

 

 

関連ニュース