Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчид түрээсэлсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-12 13:18:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ын 2.2.2-т нэмэлт, өөрчлөлт орууллаа.


Дэлхий даяар тархаад буй "COVID-19"-өөс сэргийлэхээр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газар, УОК шийдвэрлэсэн. Үүнд эмч, сувилагч, асрагч, жолооч, үйлчлэгч, онцгой байдлын аврагчид, хил, гаалийн байцаагч нар, цэвэршүүлэх байгууламжийн засварчин, техникчид, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хамруулах юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр дээрх журамд тодорхой өөрчлөлт орж байна.


Тодруулбал, өмнө нь орон сууцаа 5 хүртэлх жил түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчилдөг байсан бол энэ хугацааг 15 хүртэлх жил болгон сунгав. Иргэн улсын төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонговол 5 хүртэлх жил, бусад хувилбарын санхүүжилтээр баригдсан барилгаас сонговол 15 хүртэлх жил түрээслээд, өмчлөх юм. Түүнчлэн зай талбайн дээд, доод хязгаар заахаа больсон тул албан хаагч өөрийн орлогодоо тулгуурлан, хүссэн байраа сонгоно. Үүнээс гадна 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох боломжоор хангаж байгаа юм. Уг тогтоолыг энэ сарын 15-наас дагаж мөрдөнө.

関連ニュース